Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливийн нийслэл Триполигоос 53 километрийн зайд орших Ал-Завияд босогчид болон НАТО-гийн хүчнийхэн Каддафийн талынхантай ширүүн тулаан өрнүүлсэн бололтой. Босогчид Ливийн баруун хэсэг болон Триполийг Каддафийн цэргүүдээс чөлөөлсөн хэмээн мэдэгдэж байгаа ч уг мэдэгдлийг Ливийн эрх баригчид няцааж байна. Өчигдөр өглөө Ливийн үндэсний телевиз Триполид байгаа дэмжигчдэдээ хандсан Каддафийн үгийг нэвтрүүллээ.
Тэрбээр “Та нар намайг дайсны бөмбөгдөлт, буун дууны цаанаас ч сонсож байна. Дайснуудын дайралт зогсоно, НАТО ялагдана, тэнгисийн хоолой дахь илжигнүүд ч дуусна, зөвхөн ливичүүд л үлдэнэ. Буу зэвсгээ ав, ямагт урагшил, дайр, тэмц. Ливийг урвагчид, НАТО-гоос чөлөөлөх тулаанд ямх ямхаар оролц. Ариун дагшин, энхрий сайхан газар нутгаа чөлөөлөхөд бэлэн бай” хэмээжээ. Гэвч Ливид Каддафийн эсрэг босогчдын хүч нэмэгдсээр байна. Тэд зөвхөн буу зэвсгээр биш, эсэргүүцлээ илэрхийлэх олон арга сэдэж байгаа гэнэ.
Тухайлбал, зөвхөн хаан мэт дүрслэгдэж байсан Каддафи өдгөө олон зураачийн “онгод”-оо оруулах сэдэв болоод байна. Бульдозерын жолооч байсан Мохаммед Замоул бийрийг “шинэ зэвсэг” хэмээн нэрлэжээ. “Хүн бүхэн хувьсгалыг ямар нэгэн байдлаар дэмжиж байгаа. Нэг хэсэг нь дайтдаг бол би бийрээ ашигладаг” гэж тэр тайлбарлаж байна. Тэрбээр Каддафийг улсынхаа газрын тосны нөөцийг сорж буйгаар, иргэд нь түүнийг Ливээс дэлбэрэх бөмбөгөн дээр суулгаад хөөргөж байгаа, босогчид ялалт байгуулж Каддафийг тугаараа хатгасан зэргээр дүрсэлж, төрөлх хотынхоо байшингуудын ханыг “чимжээ”.