Аль-Кайда бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладенийг устгах үйл ажиллагааны үеэр сөнөсөн Америкийн нууц нисдэг тэрэгний үлдэгдлийг пакистанчууд хятадуудад үзүүлэхийг зөвшөөрсөн тухай “Financial Times” сонины мэдээллийг иш татан “Ройтерс” мэдээлэв. Тэд БНХАУ-ын талд нисдэг тэрэгний үлдэгдлийн зургийг авахыг зөвшөөрсөн бөгөөд радарт харагддаггүй тусгай гадаргуугаас нь хятадууд дээж авсан тухай мэдээ байгаа аж. Гэхдээ Пакистан энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Уг нь АНУ дэлбэрэлтийн дараа Пакистаны талд хандаж, нисдэг тэргийг хамгаалалтад авч, нууцлахыг хүссэн юм байна. Энэ оны тавдугаар сарын 2-нд болсон Бин Ладенийг устгах ажиллагаанд ийм гурван нисдэг тэрэг оролцсон бөгөөд нэг нь зартай алан хядагчийн нуугдаж байсан ордны хашаан дотор унасан байна. Удалгүй интернэтэд зураг нь тавигдсан ч чухам ямар нисдэг тэрэг болох нь тодорхойгүй байсан юм. “Defence News” агентлагийн нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж түүнийг “Олон үйлдэлт MH-60 Black Hawk мөн” гэсэн бол өөр нэг эх сурвалж ажиллагаанд оролцогчид өөрсдөө онгоцоо дэлбэлсэн гэсэн байна.
Энэ хэрэг явдал Бин Ладенийг устгах үйл ажиллагааны үеэр нэлээд хүйтэрсэн Пакистан АНУ-ын харилцааг улам хүндрүүлнэ гэж “Financial Times” сонин үзжээ. БНХАУ Пакистаныг найдвартай холбоотныхоо нэгд тооцдог бөгөөд Бээжин зэвсэг бэлтгэн нийлүүлэгч хамгийн том түнш нь юм. Тэдний худалдааны эргэлт жилд есөн тэрбум долларт хүрдэг ажээ.
Х.Халиун