Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг өнөөдөр эхлүүллээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.