Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак энэ сарын 8-нд болсон түүнийг шүүх хуралд түрдэг тэргэн дээр түрүүлэн орж ирсэн нь дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг шүүх хурлын үеэр Мубарак өөрийн буруугаа хүлээгээгүйн улмаас дахин зарлагдсан хурал өчигдөр боллоо. Тэрбээр энэ хавар өрнөсөн Египетийн бослогод оролцогчдыг буудах тушаал өгсөн нь нотлогдвол 840 хүнийг хөнөөсөн хэрэгт унаж, ялын дээд хэмжээ авах учиртай.
Гэхдээ энэ нь түүний буруутгагдаж буй цорын ганц хэрэг биш юм. Мубаракийг хоёр хүүгийн хамт их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа. Египетийн үндэсний телевизийн мэдээлснээр өчигд өр болсон шүүх хуралд Мубаракийг тусгай онгоцоор зөөн авчирсан нь босогчдын дайралт, халдлагаас хамгаалах зорилготой байсан аж.
Цагтаа хэмжээгүй эрхтэй хаан эзэн мэт дураар аашилж явсан 83 настай Мубаракийн өмгөөлөгч одоогийн байдлаар 1600 гэрч дуудуулахаар шүүгчид хүсэлт тавиад байгаа гэнэ.
Б.НОМИНТҮШИГ