Пакистаны баруун хойд хэсэгт хийсэн АНУ-ын харвагч онгоцны дайралт 21 хүний аминд хүрсэн тухай албаны хүмүүс орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ. Онгоц хоёр пуужин харвасан нь Афганистаны хил дээрх Хойд Вациристаны Миранша хот дахь тээврийн хэрэгслүүдийг уст гасан байна.
Нас барсан хүмүүс дунд байлдагчдаас гадна гадаадын болон энгийн иргэд, “Хаккани” бүлэглэлийнхэн байсан гэж албаныхан таамаглаж байгаа аж. Афганистан дахь америк цэргүүд рүү довтолсон хэд хэдэн довтолгооны ард энэ бүлэглэлийнхэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Хойд болон Өмнөд Вациристан нь харвагч онгоцны байнгын дайралт дор байгаа гэж эх сурвалжууд мэдээлэв.
Энэ дүүрэг нь Афганистан дахь НАТО-гийн хүчнийхэн рүү хийсэн дайралттай холбоотой “Аль-Каида” болон Талибан бүлгүүдийн хоргодох газар болоод байна гэж АНУ үзэж буй. Хойд Вациристан дахь нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр нас барагсдын дунд араб, узбек зэрэг үндэстнээс бүрдсэн хэд хэдэн Талибаны хүмүүс байсан талаар “Ройтерс” агентлаг дурдсан байна.
Анхны мэдээгээр 4-5 байлдагч нас барсан гэж байгаа ч нуранги чулуун дороос дахин хэд хэдэн цогцсыг гаргаж авчээ. Өнгөрсөн сард харвагч онгоцны дайралт 30 хүний аминд хүрч байжээ. Барак Обамаг 2008 онд сонгогдсоноос хойш тус дүүрэг дэх дайралтууд нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн жил 100 гаруй удаа довтолсон гэх мэдээ байна. Шинжээчид ийм хэмжээний нисэх онгоцыг хөөргөх боломж зөвхөн АНУ-д байгаа гэжээ.