БНСУ: ЗАСГИЙН ГАЗАР УГ ЯВДЛЫГ ШАЛГАЖ БАЙГАА
БНАСАУ Өмнөд Солонгосын Ёнпён арал руу дахин гал нээсэн талаар өнгөрсөн лхагва гаригт цацагдсан мэдээлэл шуугиан тарьж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улс дахь БНСУ, БНАСАУ-ын ЭСЯ-наас байдал ямар байгааг тодрууллаа.
БНСУ-ын ЭСЯ-ны мэдээллийн ажилтантай холбогдоход “Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ сонин хэвлэлүүдийн мэдээллээр бол Хойд Солонгосын зүгээс энэ явдлыг санаатай, өдөөн хатгасан байх магадлалтай хэмээн үзэж байгаа. Тиймээс БНСУ-ын Засгийн газар уг хэргийг шалгаж байгаа гэж бичсэн байсан” гэлээ.
БНАСАУ: ЁНПЁН АРАЛ РУУ ГАЛ НЭЭГЭЭГҮЙ, БАРИЛГА БАРИХ ТЭСЭЛГЭЭ ХИЙСЭН
Харин БНАСАУ-ын ЭСЯ-ныхантай холбогдоход нэрээ хэлэхээс татгалзсан нэг ажилтан дараах хариултыг өглөө.
-Хойд Солонгосын талаас Ёнпён арал руу дахин гал нээсэн талаар гаднын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Энэ талаар танайх ямар мэдээлэлтэй байна вэ?
-Яг Ёнпён арал руу гал нээгээд, арлыг бөмбөгдсөн зүйл байхгүй. Бидэнд ирүүлсэн мэдээллээр бол нэг компани барилга барих гэж бага хэмжээний тэсэлгээ хийсэн юм билээ. Үүнийг нь дахин бөмбөгдсөн хэмээн ташаа ойлгосон байсан. Тэгэхээр уг мэдээлэл худал.
-Тэгвэл тэр барилгын компани нь ямар нэртэй газарт тэсэлгээ хийсэн юм бол?
-Газрынх нь нэрийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан энэ бол ташаа мэдээлэл.
Ийнхүү хоёр тал байр сууриа илэрхийллээ. Хоёр Солонгосын хоорондын харилцааны асуудал эмзэг тул ЭСЯ-ныхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНАСАУ, БНСУ-ын хилийн заагт оршдог Ёнпён арал руу гал нээж, буудалцсан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал байлаа. Энэ буудалцааны үеэр дөрвөн ч хүн амиа алдсан. Харин өнгөрсөн долдугаар сард Индонезид болсон Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээр хийснээр хоёр орны харилцааны асуудал намжаад байсан билээ. Энэхүү болсон явдлын талаар олон улсын хэвлэлүүдэд шинэ мэдээлэл одоогоор гараагүй байна.
Р.Оюун