Их Британийн нийслэлд гурав хоногийн турш үргэлжилсэн үймээн Бирминхэм, Ливерпуль хотод ч “халдварлав”. Бирминхэмд нүүрэндээ баг зүүсэн хэсэг залуу уржигдар хотын төвд орших “McDonalds” хоолны газар, дэлгүүр рүү дайрсан тухай ВВС мэдээлэв. Цагдаагийн ажилтнууд үймээн дэгдээсэн есөн хүнийг баривчилсны зургаа нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.
Бирминхэмийн төвийн хэд хэдэн дүүрэгт нэмэлт хамгаалалт гаргасан байна. Түүнчлэн Ливерпульд дэлгүүр дээрэмдсэн, машин шатаасан гэх мэдээлэл ирсээр байгаа аж. Лондонд ч үймээн үргэлжилж, үүнийг далимдуулсан хулгай, дээрэм тонуул гарсаар байгаа гэнэ. Их Британийн нийслэлийн хойд хэсэгт орших Тоттенхэм дүүрэгт эхэлсэн үймээн газар авч, Хэкни, Льюисхэм, Пэкхэм, Кройден дүүрэгт үймээн дэгдээгчид машин шатааж, дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг дээрэмдэн, хууль сахиулагчид руу чулуу, мод шидэж байжээ.
“Sky News” телевизийн мэдээлснээр Кройден дүүрэгт түймэр гарч, хэд хэдэн барилга шатсан байна. Хэдэн хоногийн өмнө Тоттенхэмийн оршин суугч хар арьст залуу цагдаа нартай буудалцаж байгаад амиа алдсан хэргийг мөрдөхийг яаравчлахыг иргэд шаардан жагссанаар хэрэг явдал эхэлсэн билээ. Гэтэл энэ нь даамжирч, томоохон хотуудад эмх замбараагүй байдал үүссэн тул Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ээлжийн амралтаа тасалдуулан, Лондонд эргэн ирсэн байна.
Тэрбээр Аюулгүй байдлын албаныхан, Лондон хотын захирагч Борис Жонсон нартай зөвлөлджээ. Хууль сахиулагчид иргэддээ онцын шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг анхааруулж, хүүхдүүдээ ганцааранг нь орхихгүй байхыг сануулсан аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр үймээнд оролцсон гэх 200 гаруй хүнийг саатуулаад байгаа гэнэ.