Саудын Арабын Ван Абдулла ибн Абдель Азиз Сирид өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй хобогдуулан Элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргасныг “Ал-Арабиа” телевиз дамжуулав. Тэрбээр жагсагчдыг хүч хэрэглэн дарж буй Сирийн эрх баригчдыг шүүмжилж, тус улсад үүссэн нөхцөл байдлын талаар Элчин сайдтайгаа зөвлөлдөхийг хүссэн байна.
“Сирийн эрх баригчид ийм нөхцөлд ард түмэнтэйгээ зөвшилцөлд хүрч, өөрчлөлт шинэчлэлт хийх нь хамгийн ашигтай. Босогчдыг хүч хэрэглэн дарж, олон хүний аминд хүрлээ гээд асуудал шийдэгдэхгүй” хэмээн Абдулла ибн Абдель хэлжээ. Үүний зэрэгцээ Сирийн армийнхан Дейрэз- Зор хот руу дайрсны улмаас 57 хүн нас барсан тухай “Ройтерс” мэдээлэв.
Амь үрэгдэгсдийн дийлэнх нь энгийн иргэд байсан гэнэ. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд “Арми, босогчдын хоорондын мөргөлдөөний үеэр нас барсан хүмүүсийн тоо цаашид ч өсөх хандлагатай байна” хэмээн мэдэгджээ.