Манай улс коронавирусийн шинэ хувилбар болох омикроныг дотооддоо алдсаныг зарлаад гурав хонолоо. Харамсалтай нь, гадаадаас омикрон хувилбар зөөвөрлөгдөж ирэх, дотоодод тархах нь сайд, дарга нарт хамаагүй бололтой. Учир нь омикрон хувилбар зөөвөрлөгдөж ирэхээс өмнө урьдчилсан сэргийлэх нэрийдлээр гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлаж байсан. Нэг иргэнийг дунджаар гурав хоног тусгаарлахад 1.7 сая төгрөг зарцуулж буй. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж, гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрээ цуцлав. Уг шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан “Гадаадаас ирж байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж гурав хоног тусгаарлаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед омикрон хувилбар тархаагүй, дэгдээгүй байхад авч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Учир нь тусгаарлаж шинжилгээ авснаар цөөнгүй тохиолдол илэрсэн. Мөн эрүүл мэндийн салбарынхан тодорхой арга хэмжээ авч ажилласан. Цаашдаа гадаадаас ирж буй иргэдээ гурав хоног тусгаарлахгүй. Гэхдээ гурван тунд хамрагдсан байх ёстой, гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, хаана хаанаа хариуцлагатай байх ёстой гэж энэхүү саналаа Засгийн газарт танилцуулсан. Тиймээс Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно" гэж хэлэв.
Тэгвэл анхнаасаа гадаадаас ирсэн иргэдээ тусгаарлан хорих хэрэг байв уу гэх асуулт гарч ирж байна. Ингэж эргэж буцсан шийдвэр гаргаж иргэдийг бухимдуулж, мөнгө санхүүд хохирол учруулах шаардлагагүй байж. Зарим иргэн “Омикрон хувилбараар далимдуулж тусгаарлалт нэрийдлээр мөнгө угааж байна” хэмээн ил цагаан шүүмжилсэн. Эл хардлага үнэн байж. Тиймээс Засгийн газар уг шийдвэрээ цуцалсан байх. Эсвэл дархлаа сайтай нь үлдэг, эм тариа авах мөнгөгүй нь үхэг гээд сүргийн дархлаанд нь найдаад орхиж байгаа юм уу. Ер нь яагаад дандаа ийм эргэж буцсан шийдвэр гаргаж ард түмнээр тохуурхдаг юм бэ. Хариулт өгнө үү Ерөнхий сайдаа.
Яг үнэндээ оноос өмнө аль хэдийн дотооддоо омикрон хувилбарыг алдчихсаныг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнгөрсөн нэг дэх өдөр жиргээрээ баталчихсан шүү дээ.