АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама 50 насны төрсөн өдрөө уржигдар тэмдэглэн өнгөрөөжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан ихээхэн ачаалалтай ажилласан Ерөнхийлөгч Обама Чикаго хотыг зорин төрсөн өдрөө тэмдэглэсэн аж. Тэрбээр зүгээр ч нэг төрсөн өдрийн үдэшлэг зохиогоогүй бөгөөд түүгээрээ дамжуулан дараа жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа зориулсан хандивын үйл ажиллагаа өрнүүлээд авчээ. Чикаго хотын алдарт “Арагон Холл” хэмээх бүжгийн танхимд болсон төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон 1000 гаруй зочин бүгд хандив өгсөн аж. Энэхүү хандивын хэмжээ нь 50-35800 ам.долларт хэлбэлзэж байжээ. Үдэшлэгт оролцогчид оройн зоог барьсны дар
аа АНУ-ын алдарт жүжигчин, дуучин Женнифер Хадсон Обамад зориулан төрсөн өдрийн дуугаар ая барьжээ. Төгсгөлд нь Барак Обама хуран цугласан зочдод талархал илэрхийлэн үг хэлсэн байна. Тэрбээр “Бид өөрчлөлтийг авчирна. Энэ нь маргаашь эсвэл, долоо хоногийн дараа бүтчих ажил биш. Удаан хугацаагаар тууштай тэмцсэний эцэст тавьсан зорилгодоо хүрэх болно” хэмээжээ.
40000 ам.долларын үнэтэй газарт төрсөн өдрөө үрэлгэн тэмдэглэсэн ч АНУ-ын одоогийн эдийн засгийг маш хүнд байгааг тэмдэглээд, Засгийн газрын зардлыг багасгахаа мэдэгдсэн байна. Обама үдэшлэгийн дараа 35800 ам.доллар хандивласан зочдыг тусад нь хүлээн авч зоог барьжээ. АНУ даяар Ерөнхийлөгч Барак Обамагийн төрсөн өдрийг тэмдэглэн 1167 үдэшлэг энгийн иргэд зохион байгуулсан гэнэ. Бас Латин Америкийн цагаачдад явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ.