МАН-ын бүлэг хуралдсан байна. Үүний дараа Замын-Үүд боомтод үүссэн нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайхны импортолсон бараа, чингэлэг төвлөрч байна. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ. “Сино транс” нь ачаа барааг хилийн 0 цэг дээр авчирч өгнө. Тэр цэг дээрээс манай 7 000 орчим жолооч бараа татаж авъя гэсэн юм. Хятадын тал “Танайх 7000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадах юм бол манайх Эрээнээс хилийн 0 цэг хүртэлх тээвэрлэлт хийе” гэсэн. Гэвч энэ нь ямар ч боломжгүй.
Тиймээс Засгийн газраас тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлье, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл үнэ ханшаараа уралдаж, тээврээ хий гэж байгаа юм. Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, бид 7000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учир 100, 100 хүнтэй хоёр зуутыг бэлдсэн. 14 хоногоор ээлжлэн ажиллана. Тавцан түгжигчтэй машин түрээслэх, жолооч нарыг вакумжуулж байрлуулах, нааш цааш нь зөөх шатахуун зэрэгт шаардлагатай зардлыг төсөвлөсөн.
100 цэргийн алба хаагч ажилуулна гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна. Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг жолооч нар аа уучлаарай. Үүнийг хийж үзэхээс өөр арга алга” гэлээ. Товчхондоо, тус боомтод цэргийн алба хаагчдыг ажиллуулан ачаа, бараа татан авахаар болжээ.