Израиль, Палестиний хилийн заагийг 1967 оныхоор тогтоох тухай хэлэлцээр хийхийг зөвшөөрч буйгаа Биньямин Нетаньяху илэрхийлсэн тухай АР мэдээлэв. Израилийн Ерөнхий сайд өмнө нь энэ талаар хэлэлцээр хийхийг эсэргүүцэж байсан юм.
Израилийн тал 1967 оныхоор хоёр улсын хилийг тогтоохыг шууд зөвшөөрчихгүй, харин өөртөө ашигтай нөхцөлийг санал болгохоор төлөвлөж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
“The Daily Telegraph”-д мэдээлснээр Израилийн тусгаар тогтнолыг Палестин хүлээн зөвшөөрч, харин палестинчууд өөрсдийгөө тусгаар тогтносон улс хэмээн зарлахыг НҮБаас шаардахаа зогсоосон цагт хилийн маргааны талаар хэлэлцээр хийнэ гэсэн болзлыг Биньямин Нетаньяху тавьж байгаа. Палестинчууд энэ болзлыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр улсын хилийг 1967 оныхоор тогтоохыг Израильд санал болгосон. Энэ саналыг Биньямин Нетаньяху хүлээж авахаас татгалзсан. Дашрамд хэлэхэд, 1967 оны зургаан өдрийн тулалдаан хэмээгддэг дайны дүнд Израиль улс Голаны өндөрлөг, Синайн хойг, Гаазын зурвас, Иордан голын баруун эргийг хяналтдаа оруулсан юм. Хожим нь Израиль Синайн хойгийг Египетэд эргүүлэн өгчээ.
Голаны өндөрлөг одоогоор Израилийн мэдэлд байдаг. Гэвч тус улсын хөрш Сири үүнийг өөрийн газар нутаг гэж үздэг. Мөн Иордан голын баруун эрэг Израиль, Палестиний хилийн маргаантай бүс юм.