ХААН Банк Австрийн Хөгжлийн банк болох OeEB банктай 8 жилийн хугацаатай, 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг шинэ оны өмнөхөн амжилттай байгууллаа. Энэхүү эх үүсвэрийг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарцуулах бөгөөд нийт санхүүжилтийн 50 хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд тусгайлан зориулах юм.
ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрт оршин сууж буй 2.7 сая харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хүртээмжтэй, найдвартай үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн үндэсний хэмжээний тэргүүлэгч банк билээ.
Орон даяар хамгийн өргөн сүлжээг бүрдүүлэн, хамгийн олон харилцагчдад хүрч ажилладгаас гадна санхүүгийн тогтвортой найдвартай үзүүлэлт зэргийг харгалзан Австрийн Хөгжлийн банк энэхүү урт хугацаат санхүүжилтийн гэрээг байгуулсан төдийгүй жижиг дунд бизнес эрхлэгчид, нэн ялангуяа алслагдсан бүс нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг багасгах чухал үр нөлөөтэй хэмээн онцолсон байна.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Австрийн Хөгжлийн банк болох OeEB банктай энэхүү гэрээг байгуулснаар цар тахлын дараах сэргэлтийн энэ үед ХААН Банкнаас бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжин тэдний санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, урт хугацаат санхүүжилт олгох боломжтой болж буйг дуулгахад таатай байна” хэмээн тодотгов.
“Жижиг дунд бизнесүүд бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур юм. Тийм ч учраас өргөн уудам Монгол орны бүхий л хэсэгт эдийн засгийн хөгжил, тогтвортой өсөлтийг дэмжих, хүртээмжтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд ХААН Банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна” хэмээн Австрийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Сабин Габер дурдлаа.
Австрийн Хөгжлийн банк (OeEB) нь анх 2018 онд Нидерландын Хөгжлийн банк (FMO)-наас зохион байгуулсан хамтарсан санхүүжилттэй урт хугацаат зээлийн хүрээнд ХААН Банканд 15 сая ам.долларын эх үүсвэр олгож байсан бөгөөд энэ удаа ХААН Банктай хоёр талт урт хугацаат зээлийн гэрээ байгуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйг онцлох нь зүйтэй юм. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдын зүгээс ХААН Банкны салбартаа эзлэх баттай байр суурь болон цаашдын тогтвортой, найдвартай үйл ажиллагаа, хөгжил дэвшилд итгэж буйг илтгэн харуулж байна.
OeEB банкны тухай:
OeEB банк нь 2008 оны 3-р сараас Австри улсын Хөгжлийн банк болон үүсэн байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийг дэмжих хувийн хэвшлийн төсөл үйл ажиллагаануудад чиглэсэн урт хугацаат санхүүжилт олгон хамтран ажилладаг. Үүнээс гадна тус банк нь төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг дэмжих хүрээнд зөвлөх үйлчилгээ давхар үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.oe-eb.at/ цахим хуудаснаас авна уу.
ХААН Банкны тухай:
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар нэгж, 6000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү өргөн сүлжээгээр дамжуулан нийт 2.7 сая иргэд харилцагч (Монгол Улсын хүн амын 70 гаруй хувьд), 2 сая карт эзэмшигч, жижиг дунд бизнес эрхлэгч 56,000 гаруй харилцагчид банкны үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Мөн ХААН Банк нь 202 Экспресс банк, 1,384 АТМ, 32,288 Пос терминалаар дамжуулан хамгийн өргөн цахим банкны сүлжээг харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.
ХААН Банк нь улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, 2021 оны 11-р сарын байдлаар нийт 2.9 их наяд төгрөгийн бизнесийн зээлийг бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон байна.