Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг баталлаа. Тус хоёр яамыг Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар түр хариуцахаар болжээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцах аж.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Түүний хувьд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ийнхүү Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгав.