Засгийн газрын хуралдааны 2021 оны сүүлийн шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал нэмэгддэг учир энэ удаа хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:
- Гэр хорооллын айл өрхийн -350кВт цаг
- Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээг Засгийн газар хариуцан, төлөхөөр шийдвэрлэлээ.
Орон сууц, гэр хороололд амьдардаг өрхүүдийн дундаж хэрэглээг гаргаж, 250, 350 кВт цаг гэсэн хязгаарыг тавьсан. Дундаж хэрэглээгээр нь тооцвол энэ удаад нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд өөрөө хариуцна.
Ахуйн хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцах 6 сарын хугацаанд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон" гэв.
Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс өнөөдрийг хүртэл айл өрхүүдийн хог, эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрийг өмнөх засгийн газрын хуралдаанаар гаргасан. Эл ажилд төрөөс 890 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.