76 хүний амийг авч одсон халдлагаас хойш зургаа хоног өнгөрсөн ч Норвегийн цагдаа, хууль сахиулах ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон нийтийн газарт харуул хамгаалалтаа чангатгасан хэвээр байна. Өнгөрсөн лхагва гаригийн өглөө Ослогийн төмөр замын вокзалаас сэжиг бүхий чемодан олдсоноос тэнд бай сан хүмүүсийг аюулгүй газарт аваачсан билээ. Харин чемоданд ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис, хүний амь насанд халтай зүйл байгаагүй нь тогтоогдсон.
Норвегийн хэвлэлүүдэд мэдээлснээр халдлагыг зохион байгуулсан Андерс Брейвикийг цагдаа нар өнгөрсөн гуравдугаар сараас хяналтдаа авсан байсан ч тэрбээр Польшийн иргэнээс хууль бусаар их хэмжээний химийн бодис худалдан авч байсныг илрүүлж чадаагүй билээ. Мөн дотор нь тэсрэх бөмбөг нуусан машин Ослогийн захиргааны байрны дэргэд дэлбэрэлт болохоос өмнө хоёр хоног байсан ч цагдаагийнхан ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Энэ бүхнээс үзэхэд цагдаа, аюулгүйн албаныхан хангалттай төвшинд ажиллахгүй байна хэмээн тус улсын Ерөнхий сайд онцоллоо. “Цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагууд хурдан шуурхай, цаг алдалгүй ажиллах ёстой. Хууль сахиулагчдын хэрэгцээнд зориулан төсвөөс гаргадаг мөнгийг нэмэх нь зүй” гэж тэрбээр хэлсэн байна.