Хур бороо элбэгтэй сайхан жил болж буйд монголчууд таатай байгаа. Тэгвэл гаднын зарим оронд их хэмжээний бороо орж, үер бууснаас олон мянган хүн орон гэрээ алдсан таагүй мэдээ байна.
Бангладешийн өмнөд хэсгээр үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас 20 гаруй мянган хүн орон гэргүй болж, 84 мянган айлын байшин сүйдсэн талаар гаднын сайтуудад өчигдөр мэдээлжээ. Уг борооны улмаас Баккали, Матамуури голын ус эргээсээ хальсан учир нам дор байрладаг айлууд ихээхэн хохирол амссан гэнэ. Орон нутгийн удирдлагуудынх нь мэдээлснээр 400 гаруй мянган хүн хуучин газартаа амьдрах аргагүй болж, одоогоор долоон хүн амиа алдчихаад байгаа аж.
Тэгвэл Бангладешаас зүүн хойд хэсэгт орших БНСУ-ын Чунчёонд мөн их хэмжээний бороо орсноос хөрс гулгаж, 32 хүн амиа алдан, 24 хүн гэмтсэн байна. Гамшгийн үеэр Өмнөд Солонгосын 750 аврагч ажиллажээ. Одоогийн байдлаар 400 орчим гэр бүл орон гэрээ алдаж, 14 мянган айл цахилгаангүй болчихоод байгаа гэнэ.
Сөүл хотоос зүүн хойш 75 км-т Чунчёонд мягмар гаригаас хойш бороо орж, хур тунадасны нийт хэмжээ 400 мм-т хүрчээ. Тус улсын цаг уурын агентлагаас бороо цаашид үргэлжлэн орох бөгөөд хур тунадасны хэмжээ цагт 60 мм-ээр нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ.