“...Нью-Йоркийн “Sofitel” зочид буудлын 2082 дугаарын өрөөг би цэвэрлэх ёстой байлаа. Өрөөний хаалгыг онгойлгоод “Хүн байна уу” гэж хоёр ч удаа асуусан. Хэн ч хариулахгүй болохоор нь дотогш ортол буурал үстэй, нүцгэн эр хаанаас ч юм гараад ирсэн... “ ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Канд “хүчиндүүлсэн” хэмээн гомдол гаргасан Нафиссатоу Диалло анх удаа хэвлэлд ярилцлага өгч, ийнхүү ярьжээ. “Sofitel” зочид буудлын үйлчлэгч тэрбээр 32 настай, Гвинейгээс АНУ-д цагаа чилж ирсэн аж.
Нафиссатоу Диалло өөрийн өмгөөлөгч Кеннет Томпсоны өрөөнд “Newsweek” сэтгүүлийн сурвалжлагчтай гурван цаг гаруй ярилцсан байна. Нафи Диалло 2003 онд Америкт ирж, Бронкст үсч ний газарт ажиллаж байжээ. Гурван жилийн өмнөөс тэрбээр “Sofitel” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн байна.
Тэр бичиж, уншиж чаддаггүй, өмнө нь хэд хэдэн хүнтэй хамтран амьдарч байснаа сэтгүүлчид ярьжээ. Тэрбээр өдөрт 14 өрөө цэвэрлэж, 25 ам.долларын цалин авдаг байсан гэнэ. “Би ажилдаа дуртай. Ази, америк, африк хүмүүс яг л нэг хүн шиг нэгдэж, хамтарч ажиллаж байгаа нь сайхан санагддаг” гэж Нафи хэлжээ.
Харин Баруун Африкт өнгөрүүлсэн он жилүүдийнх нь тухай асуултад тэрбээр хариулахаас татгалзаж, булзааруулж байжээ. Аав нь Гвинейн нэгэн сууринд лалын шашны тухай хичээл заадаг, имам хүн байсан, нөхөр нь өвчний улмаас нас барсан гэнэ. 2001 онд түүнийг хоёр цэрэг хүчиндсэн, энэ бүхний дараа тэрбээр “сайхан амьдралыг хайн” АНУ руу дүрвэж ирсэн гэж Нафи ярьжээ. “Үйлчлүүлэгчийг нүцгэн байгааг санамсаргүй харчихсандаа би их сандарсан. Тэгээд “Уучлаарай” гэж хэлчихээд гарахыг завдсан юм.
Харин тэр хүн “Та уучлалт гуйх ёсгүй” гээд над руу дөхөж ирсэн...” гэж тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 14- нд болсон явдлын талаар ярьжээ. Доминик СтроссКан гэж хэн болох, ямар албан тушаал хашдгийг тэр ерөөсөө мэдээгүй, харин хэрэг явдал болсны маргааш зурагтаар түүний талаар мэдэж авсан хэмээн үйлчлэгч өгүүлсэн байна. “Доминик СтроссКан их нэр нөлөөтэй, мөнгөтэй хүн.
Би өөрийнхөө болон охиныхоо аюулгүй байдалд санаа зовж байна. Би түүнээс мөнгө “салгаж”, эсвэл хэвлэлийн баатар болохын тулд энэ бүхнийг хийгээгүй. Зөвхөн шударга үнэний төлөө л шүүхэд хандсан. Энэ бүх явдлаас болж хүмүүс намайг биеэ үнэлэгч гэж ярьж байна. Надад, миний гэр бүлийнхнийг доромжилж, хохирол учруулсныхаа төлөө тэр шоронд суух ёстой” гэж Нафи хэлжээ.
Ирээдүйд тэр хуучин ажилдаа буцаж орно хэмээн найдаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Нафи Диаллогийн өгсөн ярилцлагыг Доминик СтроссКаны өмгөөлөгчид жүжиг хэмээн үзэж байна.
Х.Од