1980 он дэлхийн түүхийн хамгийн онцгой үе байв. Ялангуяа эдийн засаг, улс төр, урлаг соёлын ертөнцөд тэсрэлт болж, АНУ, Англи “дэлхийн цагдаа”-гийн ажлаа эхэлсэн үе гэдэг. Гэвч дэлхийн түүхэнд наяад он “ретро” гэх шошготойгоор үлджээ. Үүнийг зарим нь өнгөрсөн үе буцаж ирэх гэж ойлгодог, тийм ч байх. Олон удаа ашиглах сансрын анхны төхөөрөмж “Колумбиа”-г илгээж, алдарт Берлиний хана нуран унасан нь энэ үеийн хамгийн дуулиант үйл явдал байв. Гэвч бүх юм сайхан байсангүй ээ. “Challenger” сансрын хөлөг нэг ахлагч, долоон нисэгчийн хамт сүйдэж, Чернобылийн атомын станц дэлбэрч, дэлхий нийтийг айдаст автуулж, Иран Иракийн дайны үеэр нэг сая хүн үрэгдэж байв. Гэвч энэ бүхэн ард хоцорсон, Ретро 1980 онтой дахин “учрах” уу.
ИРГЭНШИЛ ХООРОНДЫН ДАЙНЫ ЭХНИЙ ДОХИО
Канадын түүхэн дэх хамгийн харгис террорист ажиллагааг энэтхэгчүүд эхлүүлж, 307 хүн амь үрэгдэж байв. Мөн Ливаны дэмжлэгтэйгээр Абу Нидалийн цэргүүд Европт халдаж, Ром, Венагийн онгоцны буудлыг бөмбөгджээ. Энэ цаг үеийг иргэншил хоорондын мөргөлдөөн дахин эхлэх дохио байсан гэж үзэх нь ч бий. Өнгөрсөн зууны түүхэн үйл явдал ЗХУ Афганистаны арван жилийн дайн эхэлж, АНУ, Пакистан, Саудын Араб хүч нэмж байлаа. 1980 онд Зимбабве Их Британиас албан ёсоор тусгаар болж, Рональд Рейган АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр ЗХУ-ын эсрэг хатуу зогсож, хар тамхийг хориглох асуудлыг нэг мөр болгосон. Английн засгийн эрхийг төмөр хатагтай Маргарет Тэтчер барьж, тэрбээр Европын эдийн засгийг хөл дээрээ босоход тусалсан юм.
ВИДЕО ТОГЛООМЫН ЭРИН ЭХЛЭВ
Наяад он видео тоглоомын эрин үе байв. Нинтендо тоглоомд дэлхий нийтээр автсанаас видео тоглоомын зах зээлийн 90 хувийг эзлэх хүртлээ томорсон. 1981 онд IBM –ийн боловсронгуй компьютер худалдаанд гарч, үүний эсрэг Apple компанийнхан график дизайн хийх зориулалттай “Макинтош” компьютер бүтээв. Энэ үед компьютерийн хулганыг анх бүтээжээ. Наяад онд сансарт ноёрхол тогтоох ЗХУ (хуучнаар) АНУ-ын тэмцэл сарнисан ч гэлээ Тэнгэрийн ван, Бархасвадь, Санчир гаригт хүн төрөлхтөн анх удаа хөл тавьсан юм.
МАДОННАГААС МАЙКЛ ХҮРТЭЛ
Наяад оны гол “ретро” нь соёл урлагийн салбарт өрнөсөн юм. Попын хаан Майкл Жексон, поп дуучин Мадонна гэх хөгжмийн ертөнцийн хүчирхэг оддын оргил үе байв. Наяад оны хөгжмийн ертөнцөд техно өнгө аяс орж ирж, анхны транс уран бүтээлүүд гарч эхэлжээ. Хөгжмийн алдарт суваг MTV видео клип цацаж эхэлсэн бөгөөд Принц, Queen, Бон Жови, Майкл нар телевизийн сүлжээг ашиглан маркетинг хийж эхэлсэн гэдэг. Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомог болох Майкл Жексоны “Thriller” худалдаанд гарч, сарны алхаа мандаж байв. Гэвч 1980-аад онд дэлхийн хөгжмийн ертөнцийн дуулиант эрхмүүд болох Жон Леннон, Боб Марли, Тим Хардин нарыг сүүлчийн замд нь үдсэн. Наяад оны хамгийн алдартай тоглолт нь Этиоп улсад хүнсний тусламж үзүүлэх зорилгоор зохион байгуулсан “Live Aid” байсан бөгөөд тухайн үеийн бүх алдартан оролцож байжээ. Уг тоглолтыг дэлхийн 150 орны 1.9 тэрбум хүн үзсэн гэх тооцоо бий.
КИНО “ОДДЫН ДАЙН”
Энэ үеийг кино урлаг үзэл суртлын зэвсэг байхаа больж, хөгжлийн шинэ шатанд гарсан үе гэдэг. Наяад онд Холливудын үнэ цэнэтэй бүтээлүүд болох “Индиан Жонс”, “Оддын дайн”, “Борооны хүн”, “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Бэтмэн” зэрэг кино бүтээгдэв. Гэвч наяад оны кино урлагийн гол үйл явдал нь аймшгийн киноны сэргэн мандалт байлаа. “Элм гудамжны хар дарсан зүүд”, “13-ны баасан гариг” зэрэг алдарт бүтээл нээлтээ хийжээ. Энэ үеийн кино урлагийн нүүр царай нь Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, Мел Гибсон, Сильвестр Сталлоне гэх боевик киноны одод болж байв.
ЭРЧҮҮД ЭРГЭН ИРСЭН НЬ
Загварын мэргэжилтнүүд энэ үеийг 1950 оноос хойш эрчүүдийн хувцас загварт гарсан хамгийн том тэсрэлт гэдэг. Рок стилийн хувцас моодонд орж, Том Бэйлигийнх шиг лакдсан их үс загварын гол чиг хандлага болж байв. Наяад оныхон ерөнхийдөө Мадонна, Майкл хоёрыг л дуурайж хувцасладаг байсан гэдэг ч тэдний аль алиных нь таашаадаггүй байсан рэй бэн нүдний шил моодонд орсон. Энэ үеийн загварын гол трэнд нь жийнсэн хүрэм байжээ.
Т.Жигүүр