Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай. Дараах зургаан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэнд тооцсугай гэсэн тогтоолын төсөл юм" хэмээн мэдээлэл өглөө.
Тогтоолын төсөлд
- Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх
- Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
- Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцаж, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
- Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хамтарч ажиллах
- Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж ойлгуулах гэсэн үндсэн зургаан асуудлыг тусгажээ.