Аргентин, Чилийн хилд орших Андын нуруу, Арауканиа мужид ихээхэн цас орж, огцом хүйтэрсэн байна. Өнгөрсөн ням гаригийн байдлаар тэнд 18 хэм хүртэл хүйтэрч, их хэмжээний цас орсноос 6500 хүнтэй суурин ертөнцөөс тусгаарлагдаад байгаа аж. Тус мужид цахилгаан тасарч, үүрэн телефон, радио ажиллахгүй болжээ. Түүнээс гадна арваад хүн осгож үхсэн аж. “Лонкимай хамтрал болон бусад сууринд яаралтай тусламж хүргэх хэрэгтэй байна.
Гэтэл тус муж руу хүрэх бүх зам цасанд дарагдсан, мөн цасаар шуурч байгаа тул нисдэг тэрэг, онгоц ашиглах боломжгүй байгаа” хэмээн Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера хэлжээ. Мөн сүүлийн 30 жилд үзэгдээгүй их хүйтэн, цаснаас болж Арауканиа мужийг “гамшгийн бүс” болгон зарлав. Өмнөд Америкийн орнуудад болж буй их хүйтний улмаас нийт 30 гаруй хүн амиа алдаад байгаа билээ.