Египетийн шинээр томилогдсон 12 сайдын тангараг өргөх ёслол Каирт болсон тухай АР мэдээллээ. Тангараг өргөх ёслолын үеэр тус улсын Цэргийн дээд зөвлөлийн фельдмаршал Хусейн Тантави тэргүүтэй эрх баригчид байлцжээ.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Хосни Мубарактай хамтарч ажиллаж байгаагүй “шинэ хүмүүс” гарч ирсэн хэмээн ажиглагчид онцолсон байна. Харин Дотоод хэргийн сайд Мансур аль-Эссави албан тушаалдаа хэвээр үлдсэн аж.
Тус улсын томоохон хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Цэргийн дээд зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 12 сайдыг ажлаас нь халсан юм. Одоо жагсагчид эдийн засаг, нийгмийн салбарт шинэчлэл хийхийг шаардаж байна.
Түр Засгийн газар ирэх есдүгээр сарын 1 хүртэл төрийн эрхийг барих аж.