Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиудыг баталлаа. Эдгээр хуулийг 2022 оны тавдугаар 1-нээс мөрдөнө. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулийг УИХ-аас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан. Ингэснээр цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Эдгээр хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Төрд хадгалагдаж байгаа мэдээллийг гурван хэсэгт ангилахаар болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсанаар Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын болон үйл ажиллагаа, Шинээр баригдаж байгаа барилгыг хэзээ улсын комисс хүлээж авах, ашиглалтад орох, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр, Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хандив, Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдэл, Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын талаар, (Дарга нарын хүүхэд төрийн зардлаар гадаадад сурч, мөнгөө эргэж төлдөггүй гэсэн мэдээлэл олон яригддаг. Энэ чиглэлээрх зохицуулалт юм) зэрэг мэдээлэл нээлттэй болж байна. Таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгож байгаа. Төр нийтийн зарлан мэдээллээ 16 насанд хүрсэн иргэн бүрд и-мэйл хаягаар хүргэнэ. Гадаад паспорт, жолооны үнэмлэхийн хугацаа хэзээ дууссан талаар болон сурагчдын амралт хэзээ эхлэх зэрэг мэдээллийг хүргэх юм " гэв.
Мөн манай улсын иргэдийн мэдээлэл гадны сайтад байршсан гэх мэдээлэлд тэрбээр "Монгол Улсын иргэдийн мэдээлэл гадны байгууллагын сайтад гарсан талаарх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байгаа. Урьдчилж авсан мэдээллээр ХААН банканд аудит хийж байсан байгууллагаас иргэдийн мэдээлэл алдагдсан байх магадлалтай гэдэг дүгнэлтийг шалгаж байгаа газраас гаргасан. Цаашид ийм эрсдэл гаргахгүйн тулд Кибер аюулгүй байдлын хуулийг өргөн хүрээнд зохицуулж оруулж ирж байна. Төрийн байгууллагуудын уялдааг хангах, программ хангамж, системийн аюулгүй тогтолцоог бүрдүүлэхэд уг хуулийг баталж байгаа" гэх хариулт өглөө.