Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхагласан. Ингэхдээ үндсэн зорилгоосоо ухарсан мэт Үндсэн хуулийнхаа дөнгөж 2-р бүлгээсээ Хүний эрх, эрх чөлөөний тухай тунхагласан байдаг.
Өвөг дээдсийн маань сургаальд хүртэл эхлээд Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн байхад бид Үндсэн хуулиндаа 1-т Республика (Бүгд найрамдах улс), 2-т өөрийн бие (хүний эрх, эрх чөлөө), 3-т Төрийн байгуулалт (УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн талаар бүхэл бүтэн 37 зүйл оруулсан байдаг) ордог. Гэр, өрх гэрийн талаар тусгайлсан бүлэг шаардлагагүй гэж үзээд 2-р бүлгийн ганцхан зүйлд гэр бүл гэдэг үгийг 6 удаа дурьджээ, түүнээс тал нь муу амалж баривчилгаа, мэдүүлэг, гэм буруутай холбоотой дурьдсан байна.
Харин үлгэр жишээ ардчилалтай орнуудын үндсэн хууль нь эхнээсээ л хүний язгуур эрхийн талаар дурьдаж эхэлсэн байдаг. Харин бид хүний эрх гэж нэгдүүгээр ангийн тоо тоолж сурч байгаа хүүхэд шиг 18 заалт ар араас нь элдэв төрөлжүүлэлт хийхгүйгээр зүгээр л жагсаачихсан. Тархи судлал (neuroscience) хөгжиж байгаа өнөө цагт онцгой авъяастай нэгэн биш л бол цагаан лонх тоолж байгаа мэт эдгээр 18 эрхийг 1, 2, 3... гээд нэрлэх чадваргүй. Ингээд нэрлэж дийлэхгүй олон эрхтэй бид.
Эрэмбэ, дарааллын асуудал бол өнөөдрийн хөндөх гэсэн үндсэн хоёр асуудалд хамааралгүй, Дэлхий нийтээрээ хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой оршил төдий хэсэг юм. Тэмдэглэлт өдөр гэснээс Хүний эрхийн өдрийг жил бүр өөр өөр уриан доор тэмдэглэж хэвшсэн. 2021 оны хувьд өнгөрсөн оны 12 сараас бүтэн жилийн турш Тэгш бус байдлыг бууруулж Хүний эрхийг хамгаалах тухай уриалжээ.
Монгол улс НҮБ-ийн гишүүн бусад 192 гишүүн орны нэгэн адил “...айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн...” гэж эхэлдэг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч НҮБ-д элссэн байдаг. Бүтэн жилийн турш гамшгийн улаан, улбар шар дэглэм ээлжлэн тогтож QR код-оор явуулна, явуулахгүй; Наадмаа ч хийхгүй, үйлчилгээг ч нээхгүй; нөхцөл байдлын мэдээгээр шинэ халдварын тоо нь 100-д хүрлээ хөл хорио тогтооноо, сүүлдээ бүр 1’000 даваад байхад хөл хорио тогтоохгүй болчихсон. Эндээс харахад Хүний өрхийн төлөө гаргасан уриаг хэрэгжүүлээгүй гэсэн үнэлгээ авахаар байна. НҮБ-д элссэн 60 жилийн ойгоо тэмдэглэж, цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байхдаа төр засгийн маань хүмүүс дээрх уриаг санаж л байсан байх.
Энэ сар маань бас их олон үйл явдалтай өнгөрч байна. МАН 30-р их хурлаа хийж дарга, нарийн бичгээ сонгож байна. АН бас өнгөрсөн сард 10-р их хурлаа хийж нэг юм хууль ёсны даргатай болж оноос өмнө дотоод томилгоонуудаа амжуулах гээд байх шиг байна. МАН гишүүдийн тоогоо 238 мянга, түүнээс 55% нь эмэгтэй, 45% нь эрэгтэй гээд зарлачихлаа. Намуудын гишүүд, дэмжигчдийн тоог энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын тооноос харж болохоор байна.
МАН-ын нэр дэвшигч 823’326 санал, ЗХЭЭ-н эвслийн нэр дэвшигч 246’968, АН-н нэр дэвшигч 72’832 (уг нь дээд шүүхийн бүртгэлээр 150’000 гишүүнтэй) санал авсан бол түүнээс мянга хүрэхгүй (895) 71’937 сонгогч цагаан хуудас өгсөн. Wikipedia-с Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын жагсаалт, гишүүдийн тоог харж болно. Дүнг нэгтгээд үзвэл дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам 669’401 гишүүн байна.
МАН, АН ярьсан үндсэн санаа нь community юм. Монголын хамгийн том комьюнити бол намын гишүүд болж таарч байна. Нам бол хуулинд заасан ёсоор Үйлдвэрчний эвлэл, Нийтэд үйлчилдэг ТББ, Гишүүдэд Үйлчилдэг ТББ (үүнд Холбоо), шашны байгууллага, Сангийн нэгэн адил зүгээр л ТББ юм. (зураг 1) Гэтэл нэг ТББ-д 238’000 хүн хамрагдаж байна гэдэг бол нийгмийн бусад гишүүд (3’162’000 гаруй хүн)-д ноцтой эрсдэл хэдийнээ учирч байгаагийн илрэл юм.
Бид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиндаа Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь (3’400’000x0.5%) буюу 17’000-с хэтрүүлэхгүй гээд заагаад өгчихсөн. Тийм атал нэг ТББ-д 50, 100 мянга тэр байтугай 200-300 мянган гишүүнтэй байхыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
ТББ-ын нэг гишүүн 2-3 хамаатан садан, найз нөхдөө дагуулж ирээд төрийн эрхийг авах боломжтой болчихсон нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, цөөнх нь олонхийн эрхийг ноцтой зөрчиж, тэгш бус байдал газар авч байгаа бус уу? Эрх баригчид, хууль тогтоогч нар энэ гажуудлыг яаралтай засварлах хэрэгтэй. Хууль тэгш үйлчлэх зарчмыг хангаж Нам нэртэй ТББ-ын гишүүнчлэлийн тоог хүн амын 0.5-д нь барих хэрэгтэй.
Олон улсад комьюнити-н гишүүд 150 байхад оптимал гэж үздэг. Манайхаар бол нэг зуут юм даа. Түүхэн судраас хүртэл харахад түмэн (10’000) цэрэгтэй хүн зүгээр суухгүй дайн дажин хийгээд бусдын газар нутгийг эзлэх гээд дайн зарладаг. Эзэн Богд, бидний бахархал Чингис хаан хүртэл тархай бутархай 98 түмтийг нэгтгэж Их Монгол улсаа тэртээ 815 жилийн өмнө байгуулсан байдаг. Тиймээс комьюнити гэдэг ойлголтын салшгүй нэгэн хэсэг (1) бол гишүүд, дэмжигчдийн тоо юм.
Монголчууд бидний хүчирхэг явсан, их гүрнийг байгуулж, тойготныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөж, наран мандах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам нутгийг захирч явахдаа Хүннү гүрнээс тогтсон өөрийн уламжлалт комьюнити систем буюу аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцоог ашигладаг байв. 1691 оны Долоон нуурын чуулганаас 1961 он хүртэл 270 жил өнгөрсөн. Ард иргэдийгээ амгалан тайван, тэнүүн сайхан амьдруулах Хоёр ёсны сургааль төдийгүй үндэстний дархлаа, үнэт зүйлсээ алдсан.
Аливаа улсын иргэд нь үнэт зүйл, итгэл үнэмшил, хандлага, эрх ашгаараа эвлэлдэн нэгдэж комьюнити-уудыг байгуулж тухайн нийгэм, улс орон тогтвортой оршдог. (зураг 2) Эвлэлдэн нэгдэх эдгээр шалтгаан нь комьюнити-н хамгийн чухал (2) атрибут юм. Тухайн нэг улсыг бүхлээр нь нэг комьюнити ч гэж хэлэх нь хүртэл байдаг.
Комьюнити гдг ойлголтын дараагийн нэгэн салшгүй атрибут (3) бол сан хөрөнгө юм. Ажилтай, орлоготой, хуримтлалтай хүн л хүн шиг амьдардаг бол аливаа комьюнити оршин тогтнохын тулд гишүүдийнхээ хандив, дэмжлэг болон туслалцааг заавал авах шаардлагатай байдаг.
Монголчууд иргэний нийгмийн зохих мэдлэгүйггээсээ болоод комьюнити-г цахим технологитой холбож буруу ойлгох нь олонтоо байна. Facebook (Meta) гэдэг компани Анхлан нэг сургуулийн комьюнити-н харилцаа холбооны платформ хэлбэрээр санаачлан бүтээгдэж байсан бол өдгөө дэлхийн нийтийн нийгмийн сүлжээ болтлоо хөгжөөд байна.
Нийгмийн сүлжээнд идэвхитэй оролцдог, олон дагагч нартай болсон хүмүүс Facebook комьюнити-г тролл ихтэй, ёс зүйн асуудлаас болоод их шүүмжилдэг бол Twitter сүлжээг мөн адил шалтгаанаар илүүд үздэг.
Нийгмийн сүлжээ нь access буюу хүртээмжийн хувьд хосгүй авууштай чанартай. Гишүүд, дэмжигчдийн тоо өндөр мэт харуулах боловч комьюнити-н өөр нэгэн атрибут (3) болох гишүүнчлэлийн хандив, дэмжлэгийг хуримтлуулах тал дээр дутагдалтай байдаг.
Сүүлийн үед Монголд койны асуудал босч ирсэн. Төрөөс койныг зөвхөн цахим мөнгө, худалдан авалт гэж хараад байна. Гэтэл койн бол нийгмийн сүлжээнээс ялгаатай нь хөрөнгө төвлөрүүлэх чадвартай платформ гэдгийг ойлгохгүй байна.
Сонирхол, хандлагаараа нэгдсэн үү нэгдсэн, гишүүд нь хөрөнгө байршуулж байна уу байршуулж байна, тоо дагач нь байна уу их байна. Комьюнити-н шинжүүд байна уу байна. Гэхдээ комьюнити-н дараагийн нэг гол шинж (4) болох төвлөрүүлсэн хөрөнгийг комьюнити-н тусын тулд болон нийтийн тусын тулд үйл ажиллагаа явуулж, хөрөнгөө түүнд зарцуулна гэсэн шинж нь үгүй байгаа юм.
Төр иргэдэд 100% буруу өгөх нь учир дутагдалтай. Хүн өөрөө үргэлж нийгэмших гэж тэмүүлдэг биологийн амьтан болохынхоо хувьд койн тойрсон томоохон комьюнити үүссэн байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүс хөрөнгөөрөө хохирох, асар өндөр дүнтэй луйврын шинжтэй үйл ажиллагааг комьюнити байгуулж явуулаад байгааг ойлгох хэрэгтэй.
Төрөөс койн тойрсон комьюнити үүсгээд байгаа этгээдүүдийг ядаж бүртгэлжүүлэх хэрэгтэй. Та бусдаас мөнгө авсан байна, таны санал болгосон зүйл Монгол улсын хуулинд заагдаагүй, худалдан авагчийн эрх ашиг илт хохирхоор байна гээд харилцаанд орох л хэрэгтэй.
Сүлжээ гэдэг үгийг комьюнити гэдэг үгний оронд ашиглаж болох боловч шууд борлуулалт, MLM маркетингийн нөхдүүдээс болоод Монгол хүний толгойд шууд сөрөг ассоциаци төрдөг болсон.
Дээр дурьдсан комьюнити-н шинжүүдийг дүгнээд хэлэхэд Комьюнити (Community) гэдэг бол үнэт зүйл, итгэл үнэмшил, ашиг сонирхол, хандлагаараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдлийг хэлнэ. Комьюнити нь гишүүд, дэмжигч, хандивлагч нартай байж тэдний хандив, тусламжаас бүрдсэн комьюнити сан (Community Fund)-тай байна. Комьюнити сангийн хөрөнгийг комьюнити-н гишүүд, дэмжигч, олон нийтийн тусын тулд болон комьюнити өөрөө оршин тогтнож байхын төлөө зарцуулна.
Манайд хэдэн ТББ-уудаар Иргэний нийгмийг ойлгох гээд байдаг. Гэтэл хуулинд нь Community, Community Fund-н талаар зохицуулалт байхгүй байгаа нь Иргэний нийгэм оршиж байна гэж ярьхад өрөөсгөл юм. Community Fund-ууд бий болж байж төрийн, болон хувийн өмч хөрөнгөнөөс гадна олон нийтийн өмч хөрөнгийн талаар ярих боломжтой болно. (зураг 3)
Өнгөрсөн 11 сард манай улсад анхны комьюнити сургууль бүртгэгдээд байна. Community Fund-н хууль эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас уг сургууль нь олон нийтийн бус хувийн гэж бүртгүүлэхээс өөр аргагүй болсон байна.
Манайд сургуулийн ачаалал, хүртээмж ямар их байдаг билээ? Төсвийн бус түмний хөрөнгөөр баригдах олон нийтийн буюу комьюнити сургууль үйл ажиллагаа явуулах гэтэл Боловсролын тухай хуулиар төр 1-т хөтөлбөр, 2-т тусгай зөвшөөрлөөр хязгаарлаж, ажиллах боломжийг нь боомилж байна.
Зөвхөн комьюнити сургууль гэлтгүй бусад бүх сургуулиуд зөвхөн боловсролын яамны баталсан хөтөлбөрөөр эсвэл гадагшаа валют төлж хөтөлбөр худалдан авах нөхцлийг хуулиндаа бүрдүүлжээ. Хүүхдээ дагасан бус сургууль дагасан төсвийн санхүүжилттэй. Төсвийн тогтолцооноосоо болооод суралцагч хүүхдүүд сургуулиудын аль сайн гэсэн хөтөлбөрүүдийг сонгож 2 болон түүнээс дээш тооны сургуульд зэрэг суралцахыг хориглодог.
Төрийн оролцоотой зохиосон Олимпиад, тэмцээн биш бол өөр бусад амжилт гаргасан, сайн суралцдаг хүүхдүүд анги алгасан суралцах боломжгүй. Үндсэн санаа нь бол хүүхдийн онцлог, чадварыг нь харгалзахгүй байгаа юм. Ерөнхий боловсролд харьцангүй бага буюу 6-8 жил зарцуулах боломж байсаар байтал хөтөлбөр, журам, цахим системээрээ саад тодгор хийж 12 жил “хорих” бодлого барьдаг.
Хүний тархины хөгжил хамгийн ихээр хөгжиж, мэдээлэл асар хурдан боловсруулах чадвар бүхий 3-5 насанд нь цэцэрлэг нэртэй өөр нэгэн “шоронд” бөөнөөр нь хорих сонирхолтой байдаг. Монголд гоц ухаантай, гоц авъястан төрөх үүд хаалгыг үндсэндээ хөтөлбөр, журмаараа хаасан байгаа.
Залуучууд болон хижээл насны хүмүүс давхар боловсрол эзэмших, ажлын байрнаасаа хөндийрэхгүйгээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхгүй байгаа нь хөгжил хурдацтай яваа цаг үед хүн амархан хөл алдах, хувь хүний үнэлэмж буурах нөхцлийг бүрдүүлж байна.
Цэцэрлэгийн хүүхдээ нэг тийшээ, сургуулийн хүүхдүүдийг өглөө, оройны өөр өөр ээлжинд өөр тийшээ хүргэж өгөөд, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө нэмэлтээр секц, дугуйланд зөөж байгаа ар гэрийнхэн санаа амар хөдөлмөр эрхэлж чадах уу? Ер нь хөдөлмөр эрхлэх боломж гарах уу? Гэр бүлийн хосын нэг нь дангаараа биш ээлжилж, заримдаа бүүр өөвөө эмээ нараасаа тусламж гуйж таардаг. Хүүхдүүдээ зөөж ядаж байхад олон хүүхэдтэй Алдарт эцэг эхүүдээ шагнах бус дугаарын хязгаарлалт нэрээр Зөрчлийн тухай хуулиар торгодог тогтолцоо бүрдүүлсэн.
Гэртээ хариад үй олон гэрийн даалгавар, хоол цэвэрлэгээ гэсэн тулга тойрсон асуудлууд байнга ар араасаа гараад байвал Монгол гэр бүл хэр удаан бат бөх оршиж чадах вэ? Аз жаргал гэдэг зүйлийг хэдийд нь амсаж чадах вэ?
Алсын хараа 2050-д “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасныг комьюнити сургуулиудыг түшиглэн биелүүлэх боломжтой.
Хөдөлмөрийн зах зээлийн төв цэг болох хөдөлмөрийн биржийг хувийн, төрийн байгууллага тусгайлан эрхлэх гэхээсээ илүүтэй комьюнити-ууд өөрсдөө зохицуулаад явдаг. Комьюнити-ууд гол төлөв үйл ажиллагааг хамгийн санаачлагатай, шинэлэг байдлаар бүтээж байдаг. Энэ утгаараа комьюнити-ууд нийгмийн инновацийн гол хэрэгжүүлэгч хүчин байдаг. PPP түншлэл бол энэ тохиолдолд хэрэглэгдэх болохоос биш Community Fund-н зохицуулалтгүй нийгэмд яригддаг зүйл бишээ.
Нийгмийн инноваци гэж хэрэглэгчдэд аливаа бараа, ажил, үйлчилгээг хүргэхдээ, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхдээ шинэлэг буюу сайжруулсан арга хэлбэрээр хэрэгжүүлэхийг ойлгодог. Хүмүүстэй тулж ажилладаг, үйл ажиллагааны уян хатан байдал, түргэн шуурхай байдал, нөхцөл байдлыг илүү мэдрэх чанар, бүтээлч сэтгэлгээ, асуудал дундаас боломжийг олж харах, аливааг шийдвэрлэх гэсэн хандлага нь нийгмээрээ суралцагч байх, нийгэм-эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх чадваруудыг бий болгож өгдөг. Эдгээр чадварууд нь ёс зүй, ёс суртахууны өндөр хэмжээнд хүргэдэг.
Нийгмээрээ хөгжихийн тулд нийгмийн гишүүд нь нэгдэж комьюнити байгуулж, түүндээ оролцоотой байхыг хэлэх болохоос биш дийлэнх олонх нь бүтээгч байхаас татгалзан халамж авч, ядуурал архинд нэрвэгдэж, өөр нэг хэсэг нь тендер, концесс нэрийн доор төсвийн өмч хөрөнгийг завших, гувшуулахыг хэлэхгүй юм.
Нийгэмд бодит баялаг бүтээдэг тогтвортой комьюнити хараахан үүсээгүй байна. Комьюнити-н хөгжлийн нэгэн шалгуур бол хэн хүний нүдэнд ил харагдах бүтээн байгуулалтууд байдаг. Уул уурхай эрхэлдэг байгууллагууд сайн үйлсийн аяны хүрээнд сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн бүтээн байгуулалтанд хандив туслалцаа үзүүлдэг боловч төгсгөлд нь тэдгээрийг төрөөс өөр хариуцах сонголтгүй болдог. Төр улам бүр данхайж томорч байна. Иргэдийн амьжиргаа муу, эвлэлдэн нэгдэх санаачлага дутмаг, сангийн тухай зохицуулалт бүрхэг байгаа улмаас тогтвортой ажиллагаатай комьюнити-ууд үүсэхэд хүндрэлтэй байна.
Гэсэн хэдий ч Ид шидийн орон, Хүүхдийн фонд, Хүнд өвчтний эмчилгээний хандивын олон тооны аян, Цар тахлын үеийн хандивын цөөнгүй аян ар араасаа тасралтгүй явагддаг нь сайшаалтай байна.
“Шинэ зуун биднээс шинэлэг сэтгэлгээ шаардаж байна. Урьд урьдаас илүү уужим хараа, нийтэч хандлага хэрэгтэй байна. Хувиа бодож, довоо шарлуулах сэтгэлгээ аль хэдийн үеэ өнгөрөөжээ.” гэж асуй цагийн их сорилгыг давах НИЙТИЙН ХАРИУЦЛАГЫН тухай хүн бүрийг хичээх ёстой талаар Далай ламын уриалж хэлсэн үг байдаг.
Энэ удаад хөндөх дараагийн сэдэв бол Dignity (Достоинство)-н тухай юм. Хамгийн тогтвортой оршдог комьюнити бол үнэт зүйл, итгэл үнэмшил дээрээ нэгдсэн байдаг. Нам бол үзэл бодол дээрээ тулгуурлаж нэгдэл үүсгэдэг. Монголын хувьд үзэл бодол бус ашиг сонирхолоо дагаж намд орж байгааг нийгмээрээ харж байна.
Бид Үндсэн хуулиндаа Dignity-г “Алдар хүнд” гэж оруулсан байдаг. Буруу орчуулж оруулсан гэвэл илүү зохимжтой байх. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Dignity Day-г Монгол Бахархалын өдөр гэж тэмдэглэж байгаа болохоор Dignity-г “Бахархал” гэж орчуулбал илүү зүйд нийцнэ. Зарим судлаачид Dignity-г “Эрхэм чанар” гэж орчуулсан байхыг уншиж байсан. Энгийн ярианы хэлэнд Достойное образование, достойная жизнь гэдгийг Хүн шиг боловсрол, хүн шиг л амьдрал гэж ойлгож харилцдаг.
“Dignity бол хүний язгуур эрх ба халдашгүй дархан байна, түүнийг хүндэлж хамгаалах нь төрийн бүх шатны байгууллага, албан хаагчийн үүрэг байна” гэдгээс Германы үндсэн хууль эхэлж байх жишээтэй.
Харин Монголд иргэд нь хүн шиг орлоготой, хүн шиг ажилтай амьдарч чадаж байгаа билүү? Хэдэн хувь нь ядуугийн эгнээнд, амьжиргааны баталгаажих доод түвшин гэдэг мөнгөнөөс хамаарч, орж гардаг билээ? Нийгмийн хэдэн хувь нь өр зээлэнд баригдсан байдаг билээ? Тэр байтугай улс төрч хүн “Том дарга нар буугаад гудамжинд гарч ЭНГИЙН ИРГЭД ШИГ ХЭН Ч БИШ болдог” гэж хэлж байна. Дарга нараа муулах гээд иргэдээ мяалчихсан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын хараа 2050-р “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно.” гэж дэвшүүлсэн.
Мөн “Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ” гэсэн Хүний хөгжлийн зорилго дэвшүүлсэн байгаа.
Нийгмийн идэвхи гэдэг нь нам нэртэй ТББ-д нэгдэн орохыг хэлээгүй байх. Иргэдийн нийгмийн оролцоог хангадаг байгууллага бол иргэний нийгмийн байгууллагууд буюу комьюнити-ууд. Комьюнити-д нэгдэхийн тулд нийтлэг үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Ес суртахууны түвшин доройтож үнэт зүйл гээгдсэн энэ цаг үед бид хандлага дээр суурилсан комьюнити байгуулах нь зөв санагдана.
Алсын хараа 2050-д “эх хэл, эх түүх, өв соёл” дээр сурилсан Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүтээхээр оролдож байгаа нь сайшаалтай байна. “Эх хэл, эх түүх, өв соёл” гурвыг монгол хүний бахархал болгох юм байна.
Чухамхуу Алсын хараа 2050-г амжилттай хэрэгжүүлж ард иргэддээ цэнгэлийн манлай эдлүүлэхийн тулд бид үндсэн хуулиндаа Бахархал бол хүний язгуур эрхийн хувьд халдашгүй дархан байх тухай тунхаглаж, хүний эрхийн тухай зүйл заалтуудыг төрөлжүүлж цэгцлэх хэрэгтэй байна.
Үүний зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэршлээр нь комьюнити гсн нэршлийг хэрэглэдэг болох шаардлага байна. Community Fund-уудын эрх зүйн үндэс, хуультай болох зайлшгүй хэрэгцээтэй байна.
Эцэст нь хүний эрхийн үндэсний коммисын жишгээр “ХҮМҮҮСЭЭ, хүний эрхийн төлөө НЭГДЭЦГЭЭЕ!” гэж уриалмаар байна.