Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн ахлагч Б.Гантөмөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний байгаль экологи хариуцсан мэргэжилтэн Н.Батболд нар Дорноговь аймгийн Зүүн баян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллажээ. Тэргүүн ахлагч Б.Гантөмөр ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар болон ахлагч нартай уулзаж, орчноо ногооруулах ажил, төлөвлөгөөг нь асууж ярилцсаны дараа тус хорооны ахлагч нарт Зэвсэгт хүчний хэмжээний томоохон ажлууд, шинэчлэл өөрчлөлтийн талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд мод үржүүлгийн газар байгуулах газрыг сонгож, тус ангийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1000 ширхэг үрийг ангийн бие бүрэлдэхүүн суулгалаа.
Ташрамд дурдахад, монгол сакура гэгддэг буйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж "амьдардаг" бол бариулт буйлс нь Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол- Алтай зэрэг газруудаар уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг.
Мөчир өргөсгүй, навч нь эсрэг өндгөн юмуу уртавтар зууван хэлбэртэй, 2-3 см урттай, навчны зах хурц хөөрөн шүдлэг цэцэг нь тод ягаан өнгөтэй, жимс нь жижиг ишинцэр дээр байрлах бөгөөд 4-8 мм голчтой мод юм.