“Сүхбаатар” хөлөг онгоцыг Хөвсгөл нуурын ёроолоос татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тус ажлыг ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ЗТХЯ-ны харъя байгууллагуудын 120 гаруй алба хаагч гүйцэтгэжээ. “Бор-500” загварын эл хөлөг онгоц нь Хөвсгөл нуурт 1985 онд живсэн бөгөөд нуурын эргээс 110-120 метрийн зайд, 12-16 метрийн гүнд живсэн аж.
“Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м бөгөөд 309 тонн жинтэй аж.
Одоогоор тус хөлөг онгоцыг нуурын эрэгт татаж ойртуулах ажлыг хийж буй талаар албаныхан мэдээллээ.
Ташрамд дурдахад, Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид хөлөг онгоцыг усны гүнээс эрэг рүү татах ажиллагааг зохион байгуулсан. Харин Онцгой байдлын байгууллагынхан 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэсэн гэнэ.