Зуунмод хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай холбох 8.4 км авто зам, Баянхошуу, Энхтайван, Ланс багийн чиглэлд 6.6 км авто зам, хотын төвийн 8 гудамж замыг шинээр барихаар төлөвлөөд байсан. Улмаар Зуунмод-Манзушир чиглэлийн долоон километр хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээжээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, Монгол Улсын Их хурлын дарга асан, “Манзушир Хутагт” сангийн тэргүүн М.Энхболд, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, “Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ийн удирдлага болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Тус зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ.
Шинээр тавьсан авто зам нь хөдөлгөөний хоёр урсгалтай, 13 метрийн өргөн далан, долоон метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой баригдсан аж.
Цаашид “Нутгийн зам” төслийн хүрээнд Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.2 км авто зам, Борнуур сумын Дуган хадны амралтын газрын чиглэлийн 8.5 км авто зам, Алтанбулаг сумын Туул гол дээрх салааны гүүрнүүдийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
Эх сурвалж: Төв аймгийн Хэвлэл мэдээллийн алба