Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн билээ.
Хоёр жилийн дараа буюу өнөөдөр бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ. Завхан голоос Говь-Алтай аймгийн төв хүртэл нийт 54 км урт ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилуулснаар, Алтай хотын 19 000 гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.
"Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг ач холбогдолтой.
Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэнэ.