Өнгөрсөн мягмар гаригт НьюЙорк хотод А.Гитлерийн нэгэн захидлыг олон нийтэд анх танилцуулав. АР агентлагийн мэдээлснээр тухайн үед армийн алба хаагч байсан ирээдүйн фюрер тэрхүү захидлыг 1919 онд А.Гемлихт хаягласан бөгөөд өөрсдийн ноёрхлыг тогтоохын тулд Германаас еврейчүүдийг хэрхэн хөөж гаргах тухай төлөвлөгөөгөө бичсэн байжээ.
Бичгийн машинаар цохисон захидалд хүчирхэг үндэсний засаглалтай байхын тулд еврейчүүдийн эрхийг боогдуулж, дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээгээд ингэхийн тулд “цэвэр цусны бус үндэстэн”-д зориулан хууль боловсруулахын чухлыг дурджээ. Ингэснээр тэрбээр ари үндэстнээс бусдыг Германы нутгаас хөөх бодолтой байсан аж. Тэрхүү захидлыг уг нь Нюрнбергийн шүүхийн явцад 1945 онд нацистуудын архиваас олсон ч нэгэн цуглуулагчийн гарт орсон гэнэ.