ЗТХЯ-аас 2021 онд салбартаа хийсэн бүтээн байгуулалтын талаар мэдээллээ. Тодруулбал, энэ онд 95 төсөл хэрэгжүүлж, 1702.7 км хатуу хучилттай зам, 1338.6 метр төмөр бетон гүүрийг улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 71.5 хувьтай явж буй гэнэ. Үүнээс 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай автозам, 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн авчээ. Мөн Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн явц:
- Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь,
- Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь,
- Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь,
- Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам 80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжихээр болжээ.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэл:
- Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь,
- Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 60 хувь,
- Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж буй талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн хоёрдугаар үе шатны барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа гэнэ.