Замын-Үүд-Гашуунсухайт-Чойр чиглэлийн тээврийн жолооч нар "Гашуунсухайт боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах, Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлах, Засгийн газраас яаралтай ээлжит бус хурлаа зарлаж, шийдвэр гаргах" гэх шаардлагыг засгийн газарт хүргүүлж, төв талбайд жагсаж буй. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Бид Баянзам компанитай гэрээгээ дүгнэе гэж ярилцсан. Боомтын "бөмбөлөг" зохион байгуулалт бол зөвхөн жолооч нартай холбоогүй. Цагаан хаданд халдвар их гарч байгаа учраас бөмбөлөг кемп байгуулсан. Бөмбөлөгт амьдарч байгаа жолоочийн тоог цөөлөх эсэхийг шийдэхийн тулд газар дээр нь очиж ажиллана” гэх тайлбарыг өглөө.
Л.Халтар сайдын сэтгүүлчдэд өгсөн асуултын хариу:
-Боомтын зөвлөлийнхөн авлига нэхдэг гэх баримтыг жолооч нар дэлгэсэн. Үүнийг яаж шийдэх вэ?
-Баримт байгаа бол шууд хэвлэлээр цац. Үүнийг би Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжлаад өгье. Боомтын зөвлөл дээр байгаа ёс зүйгүй албан хаагч нарыг явуулаад өгье.
-Шинжилгээний хариун дээр асуудал гардаг юм байна?
-Би Эрүүл мэндийн сайд биш учраас үүнийг мэдэхгүй. Шинжилгээний асуудалд Эрүүл мэндийн сайдад хандана. Тав дахь өдөр газар дээр нь очиж ажиллана.
-Цогтцэций-Замын-Үүд чиглэлийн замыг хаах шийдвэр гарсан байна. Энэ хэсэг хугацааных уу?
-Тэнд нөхцөл байдал ямар байгааг сэтгүүлчид яваад үзчих. Баянзам компанийг гэрээгээ дүгнээд ирээрэй гээд явуулахад гэрээгээ дүгнэхийн оронд тээвэрчдээр жагсаал зохион байгуулчихлаа.