Хөдөлмөрийн үндэсний намаас Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийв. Тус намынхан ардчиллаа дэмжиж сонгуульд оролцсоноо онцоллоо. Тиймээс сонгуулийн дүнгийн талаар гурван зүйлийг тодотгосон юм.
Нэгдүгээрт,
Сонгинохайрхан дүүргийн насанд хүрсэн 113 993 гаруй иргэн саналаа өгөх ёстой байсан. Гэтэл 45 151 иргэн буюу 39.6 хувь нь саналаа өглөө. МАН-ынхан зуун зуун машинаар сонгогчдыг зөөж, сонгуулийн байрны гадна түрүүлж аваачиж, саналыг нь урьдчилж авсан. Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Үүнийг төрийн эрхийг хүчээр авах ажиллагаа гэх үү. МАН-аас хариу өгөхийг шаардаж байна.
Хоёрдугаарт,
Төрийн аппарат тэр чигээрээ Сонгинохайрхан дүүргийн сонгуулиар хүчээ өгч ажиллалаа. Багш, эмч, цагдаа, хорооны Засаг дарга, 1200 гаруй утааны байцаагч нар МАН-ын төлөө ажиллалаа. Багш нар эцэг, эхүүд рүү сургуулийн барилга дуусгахын тулд Э.Батшугарт саналаа өгөөрэй гэж мессеж бичлээ. Хорооны Засаг дарга нар иргэд руу гурил будааг чинь өгөхгүй шүү гэж дайрлаа.
Гуравдугаарт,
Сонгуульд идэвхтэй ажилласан ахмадууддаа баярлалаа. Өчигдөр сонгууль саналаа өгсөн 45 151 иргэний 54 хувь нь ахмадууд байв. Залуусын ирц хангалтгүй. Тиймээс тэдэнд хандаж хэлэхэд "Энэ долоо хоногт залуус та бүхэн заавал саналаа өгөөрэй. Манай намд саналаа өг гэж уриалахгүй. Гэхдээ та бүхэн ардчилсан эрх чөлөөнийхөө төлөө, өөрсдийнхөө төлөө заавал саналаа, ядаж цагаан сонгууль өгөөрэй" гэв.
Эцэст нь, Ардчилсан намын дэмжигчид ойлгоорой. Улсын төрийн намын хоёрдугаарт ХҮН байгааг ард түмэн баталсаар байна. Өчигдөр болсон сонгуулиар ХҮН-аас нэр дэвшсэн Б.Найдалаа санал хуралтаар хоёрдугаарт орлоо гэсэн юм.