АНУ-ын инфляц Холбооны нөөцийн сангийн зорилтот түвшин буюу хоёр хувиас даваад буй. Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын инфляц, ажил эрхлэлтийн түвшин нь дээрх сан бодлогын хүүг нэмэх, эсэх шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм. Хэрэв АНУ-ын эдийн засаг төсөөлсний дагуу үргэлжлэн тэлбэл ажил эрхлэлт болон инфляц нь хоёул 2023 онд зорилтот түвшинд хүрэх боломжтой хэмээн зарим шинжээч үзэж буйг “Reuters” тодотгов. Хэдийгээр цар тахлын тархалттай холбоотойгоор тус улсын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд таамагласнаас удааширсан ч Холбооны нөөцийн сангийн өндөр албан тушаалтны дурдсанаар АНУ-ын ажилгүйдлийн түвшин ирэх жилийн эцэст дөрөв орчим, 2023 онд 3.8, дараа жил нь 3.6 хувь болж буурах тооцоо бий аж. Тэрбээр мөн тус сан сар бүр худалдан авах бондын хэмжээгээ (өдгөө 120 тэрбум байгаа) бууруулах шийдвэр гаргалаа гэхэд дүнг нь аажмаар, багаар багасгаж магадгүй гэсэн байна. Үүнээс гадна дээрх шийдвэрийг ирэх арваннэгдүгээр сард гаргаж магадгүйг тэмдэглээд, бодлогын хүүг 2022 оны эцэс, эсвэл дараа жилийн эхээр нэмж болзошгүй хэмээжээ. Нью-Йорк дахь “JPMorgan”-ы ахлах эдийн засагч Майкл Фероли ч “Холбооны нөөцийн сангийн удирдлага арваннэгдүгээр сарын эхээр болох уулзалтаараа худалдан авах бондын хэмжээгээ бууруулна гэж бид таамаглаж байгаа” гэж дурджээ. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ төлөвлөсний дагуу 2023 онд нэг хувь болгон өсгөх, эсэхийг одоо хэлэхэд эртэднэ. Учир нь тус байгууллагын удирдлагын тал нь бодлогын хүүг ирэх жил өсгөх хэрэгтэй гэж байгаа бол үлдсэн нь төлөвлөгөөний дагуу 2023 онд нэмэх нь зүйтэй хэмээн үзэж буй талаарх мэдээлэл бий.
Өнгөрсөн наймдугаар сард АНУ-д инфляц өмнөх сараасаа 0.4 хувиар өсөж, сүүлийн 30 жилийнхээ дээд түвшинд хэвээр “үлдсэн” тухай marketwatch.com цахим хуудсанд баасан гарагт мэдээлэв. BBC-гийн уламжилснаар тус улсад үхрийн махны үнэ гэхэд 2020 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 14, гахайны махных 12.1 хувиар дээшилжээ. Өдгөө тус улсын инфляц 5.3 хувьд хүрээд буй. Өөрөөр хэлбэл, Төвбанкнаас нь инфляц нь буурч, энэ жилийн эцэс гэхэд цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшин буюу хоёр хувь, түүнээс доогуур болно хэмээж байснаас өндөр гэсэн үг. Дээрх сангийнхан өнгөрсөн зургадугаар сард уг дүнг энэ жил гурав гаруй хувь байна хэмээн тооцоолсноо мэдээлж байсан юм.
Зарим эдийн засагч тус улсын инфляцыг ирэх онд ч өндөр хэвээр байна гэж таамаглаж буй бол нөгөө хэсэг нь ойрын хэдэн жилд ч үргэлжилнэ хэмээн төсөөлснөө дурджээ. Харин Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл “Эрэлт их байгаа, цар тахал тээвэрлэлтэд нөлөөлсөн зэрэг нь инфляц өсөхөд хүргэсэн. Гэхдээ инфляц 2022 онд буурна” хэ мээн саяхан мэдэгдсэн удаатай. Тус улсын инфляц өндөр байвал үүний эсрэг арга хэмжээ авах “зэвсэг” гэж болох алтны эрэлт нэмэгдэх гэхчлэн зах зээлд ихээхэн нөлөөтэй юм.
Ташрамд дурдахад, АНУ-д хэрэглэгчдийн худалдан авалт өнгөрсөн наймдугаар сард 0.8 хувиар (130 тэрбум ам.доллар) өссөн байна. Уг үзүүлэлт эдийн засгийн идэвхийг нь илтгэдэг аж. Бас үйлдвэрлэлийн идэвх нь есдүгээр сард нэмэгдсэн дүн гарчээ. Тодруулбал, энэхүү үзүүлэлтийн индекс наймдугаар сард 59.9 байсан бол шинжээчдийн таамагласнаас (59.6) давж, 61.1-т хүрсэн байна. Уг тоо 50-иас давахад үйлдвэрлэл нь нэмэгдэж буйг илтгэдэг гэнэ. Хэдийгээр энэ мэтчилэн эерэг үзүүлэлт бий ч өнгөрсөн баасан гарагт АНУ-ын голлох индексүүд 1.4-3.2 хувиар доошилсныг дурдах хэрэгтэй. Улмаар “S&P 500” болон “Nasdaq” индекс өмнөх долоо хоногт өнгөрсөн хоёрдугаар сараас хойш байгаагүй өндөр дүнгээр буурчээ. Нөгөөтээгүүр, олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийн “AAA” үнэлгээг бууруулж магадгүй хэмээн мэдэгдэв. Өрийнх нь хэмжээ дээд хязгаартаа хүрсэн зэрэгтэй энэ нь холбоотой бололтой. Тус улсад шинээр бий болсон ажлын байрны тоог Хөдөлмөрийн яамнаас ирэх баасан гарагт танилцуулахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй.