Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг огцрохыг шаардсан, тус улс даяар болсон жагсаал, цуглаанд олон мянган хүн оролцов. Сөрөг хүчний намууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаа ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө болсон нь энэ.
Ж.Болсонаругийн нэр хүнд эрчимтэй унаж буй. Бразилчуудын олонх нь түүнийг коронавирусийн цар тахалтай тэмцэж чадаагүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар тус улсад уг өвчний улмаас 600 мянга гаруй хүн нас бараад байгаа аж.
Эсэргүүцлийн жагсаал, цуглаан тус улсын 160 гаруй хотод болж, тэдгээрт оролцогчид Ж.Болсонаруг огцрохыг шаардсан уриа, зурагт хуудас бүхий самбар барьжээ. “Өлсгөлөн, ядуурал, авлигатай холбоотой бүх хоцрогдлыг энэ Ерөнхийлөгч дэлхий нийтэд харуулж байна. Ардчиллыг хамгаалахын тулд бид эв санаагаа нэгтгэж байна” гэж идэвхтнүүдийн нэг Валду Оливейра “France-presse” агентлагт ярив.
Бразилын парламентад Жаир Болсонаруд итгэл үл үзүүлэхийг шаардсан 100 гаруй хүсэлт ирснийг хүлээж аваагүй гэнэ. Түүний эсрэг мөрдөн шалгах хэд хэдэн ажиллагаа явуулахыг Дээд шүүх нь саяхан зөвшөөрсөн аж.
Эсэргүүцлийн жагсаал, цуглааны өмнө Ж.Болсонаруг дэмжсэн ажиллагаа болжээ. Социологийн судалгаагаар өмнөх Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагаас дэмжлэгийн хувиар хоцорч байгаа ч одоогийн Төрийн тэргүүн ард түмнийхээ дунд нэр хүндтэй хэвээр буйг харуулах гэсэн оролдлого нь энэ аж. Өнөөдрийн байдлаар Ж.Болсонаруг дэмжигчдийн тоо хамгийн доод хэмжээнд хүрчээ. “Atlas institute” байгууллагаас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл бразилчуудын 61 хувь нь түүний Засгийн газрын ажлыг сөргөөр үнэлжээ. 2019 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа дөнгөж орж байхад уг үзүүлэлт ердөө 23 хувьтай байсан аж.