АНУ-ын тавьж болох өрийн дээд хязгаарыг тогтоосон шийдвэрийг ирэх жилийн арванхоёрдугаар сарын 16 хүртэл түр цуцлах санаачилгыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим нь дэмжжээ. Одоо хуулийн уг төслийг Сенатын танхим нь хэлэлцэнэ. Бүгд найрамдахчууд олонх болсон тус танхим уг баримт бичгийг дэмжихгүй байх магадлал өндөр хэмээн хэвлэлүүдэд нь бичжээ.
Дефолт буюу заасан хугацаанд төлбөрөө барагдуулах чадваргүй болсноо зарлахгүйн тулд өрийн дээд хязгаараар тогтоосон шийдвэрийг түр цуцлах, эсвэл уг үзүүлэлтийг өсгөхгүй бол энэ сарын 18-наас хойш АНУ-ын Сангийн яамны нөөц бүрэн шавхагдах тухай захидлыг Сангийн сайд Жанет Йеллен нь хууль тогтоогчдодоо илгээсэн юм. Аль болох хурдан арга хэмжээ авч өгөхийг тэрбээр тэдэнд уриалжээ. Санхүүгийн шинэ жил аравдугаар сарын 1-нд эхлэхээс өмнө зохих шийдвэр гаргах хэрэгтэйг Ж.Йеллен урьд нь ч удаа дараа Конгресстоо анхааруулж байв.
Конгресс дахь Бүгд найрамдах намынхан дээрх санаачилгыг дэмжихгүй байх бүх л арга хэмжээг авахаа амлаж, Ерөнхийлөгч Ж.Байден болон ардчилсан намынхныг зардлаа багасгаж, эсвэл улсын өрийг бууруулах өөр арга хэмжээ авахыг шаардаж буй аж.
Тогтоосон өрийн дээд хязгаар нь өрийн заасан тодорхой түвшин, эсвэл өдрийн дараа Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэхээр үнэт цаас гаргах боломжийг АНУ-ын Сангийн яаманд олгохгүй юм. 2019 оны наймдугаар сард өрийн дээд хязгаарыг 22 их наяд доллароор тогтоож, уг дүнг өсгөхийг 2021 оны долдугаар сарыг дуустал зогсоосон байжээ. Хууль тогтоогчид нь уг хязгаарыг дээшлүүлээгүйгээс өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс өрийн хэмжээ дээд үзүүлэлтдээ хүрсэн аж.