Японы Гадаад хэргийн сайд асан Фүмио Кишида эрх баригч Либерал ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон бөгөөд удахгүй Японы 100 дахь Ерөнхий сайд болно. Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г нь авч ялав. Түүний өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан байна.
Энэ удаагийн сонгуульд дээрх хоёроос гадна Дотоод хэргийн сайд асан Санаэ Такаичи, намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сейко Нода гэсэн дөрвөн нэр дэвшигч сонгуульд оролцов. Мөн Санаэ Такаичи, Сейко Нода гэсэн хоёр эмэгтэй анх удаа өрсөлдсөн бөгөөд тэдний нэг нь ялсан бол Японы орчин үеийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн Засгийн газрын тэргүүний албан тушаалыг хаших байсан юм. Эрх баригч намын 766 төлөөлөгч сонгуульд оролцсоны 383 нь парламентын гишүүн аж. Сонгуульд ялсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдын албан тушаалд батлах санал хураалтыг Японы парламент ирэх сарын 4-нд явуулна.