БНАСАУ-ын 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын (нэг танхимтай парламент) тавдугаар чуулган Пёньянд эхэлжээ. Чуулганы нээлтэд тус хурлын тэргүүлэгчдийн дарга Цой Рён Хэ, Сайд нарын танхимын тэргүүн Ким Док Хун нар оролцсон байна. Харин тус улсын удирдагч Ким Жөн Ун оролцоогүйг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжлав.
Парламентын гишүүд чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталж, дотоод бодлогын асуудлуудыг хэлэлцсэн байна. Тэд хот, хошуудыг хөгжүүлэх, залуучуудад боловсрол эзэмшүүлэх тухай хуулийн төслүүдийг судалж эхэлсэн бөгөөд Ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Тэрчлэн ардын аж ахуйн бүх салбарт гарсан алдааг хэлэлцэж, Хоёрдогч түүхий эдийн тухай хуулийг хэрэгжүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталжээ. Чуулган эхлэх өдөр тус улс дуунаас хурдан “Хвасон-8” пуужинг анх удаа туршсан нь амжилттай болсныг “Rodong sinmun” сонинд бичсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр удирдагч Ким Жөн Ун тус улс дуунаас хурдан зэвсэг бүтээх хөтөлбөрөө хэрэгжүүлж байгааг мэдэгдэж байсан юм.