Хятадад эрчим хүчний хямрал гүнзгийрч, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаад эхэлжээ. Одоо хотуудад цахилгаан хязгаарлаж, бүс нутгийн оршин суугчид гэр нь халаалтгүй, гудамжны гэрлэн дохио ажиллахгүй болсон тухай нийгмийн сүлжээнүүдэд бичиж байна.
Эрчим хүчний хомсдолд орсон Ляонин, Гирин, Хармөрөн мужийн оршин суугчдад оргил цагт цахилгаан ус халаагч, богино долгионы зуухаа ашиглахгүй байхыг хүсдэг гэнэ. Худалдааны төвүүд эрт хаадаг болжээ. Ляонин мужийн төв Шэньян (Мүгдэн) хотын гэрэлгүй замаар машин зорчиж яваа дүрс бичлэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан байна. Тэрчлэн Хятадын өөр 10 муж, тухайлбал аж үйлдвэрийн төвүүдэд цахилгааны хязгаарлалт хийдэг болоод удаж буй гэнэ. Агааржуулалтын системийг гэнэт унтраасны улмаас Ляонинд 23 ажилчин нүүрсхүчлийн хийд хордон, эмнэлэгт хүргэгджээ. Хийн зуух ашиглан давчуу өрөөнүүдээ халаах гэсэн хүмүүс хордсон тухай хэвлэлүүдэд бичсэн гэнэ. Эрчим хүчний тасалдал дээрх гурван мужийн оршин суугчдыг нийлүүлсэнтэй адил буюу бараг 100 сая хүнийг хамарч болзошгүй.
Нүүрсний хомсдол, нүүрсхүчлийн хийн хязгаарлалт цахилгаан тасалдахад хүргэлээ хэмээн шинжээчид үзэж байна. Цахилгаан шугам сүлжээний улсын корпорац нь ойрын хугацаанд хотуудын эрчим хүчний хангамжийг сэргээхээ даваа гарагт амлав. Өнгөрсөн долоо хоногт олон үйлдвэр, тэр дундаа “Tesla”, “Apple” компанид эд анги нийлүүлдэг газруудын үйл ажиллагаа түр зогссон байна. “Apple”-д эд анги нийлүүлдэг “Unimicron technology corp” энэ сарын 26- 30-нд ажиллахгүй гэдгээ ням гаргийн орой мэдэгджээ.
Эрчим хүчний асуудал Хятадад өнгөрсөн зунаас, Бээжин, Сиан хотод долдугаар сард төлөвлөгөөт таслалт хийснээр эхэлсэн юм. Хүйтний улирал ойртохын хэрээр тус улсын хойд нутаг хөлдөж эхэлж байна. Нүүрс, хий нийлүүлэгчид өвлийн бэлтгэлээ базаасан тухай Эрчим хүчний яамнаас нь мэдээлэв.