Өдгөө 52 настай Женнифер Лопес, 49-тэй Бен Аффлек нар 17 жилийн дараа хайр дурлалын харилцаагаа эргээд сэргээсэн явдал энэ жилийн шоу бизнесийн ертөнцийн дуулиантай үйл явдлууын оргил болох нь дамжиггүй. Тэд харилцаагаа эргээд тогтоосныгоо баталж , Венецийн кино наадмын үеэр хамтдаа олон нийтийн өмнө гарсан юм. Тэгээд ч зогсохгүй хосууд хамтарсан ярилцлага өгсөн байна.
Дуучин эмэгтэй “Adweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа карьерынхаа талаар ярьж, хүмүүс ямар өнгөтэй арьстайгаас үл хамааран бүгд амжилтанд хүрч чадна гэдгийг өөрийн жишээгээр харуулсан гэдгээ тэмдэглэжээ. Кино, хөгжмөөс гадна Жей Ло өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, үнэртэн үйлдвэрлэдэг юм. “Би хэзээ ч өөрийн брендийн талаар зориуд бодож байгаагүй. Гэвч нэр төр, ажил хөдөлмөрийнхөө үрээр өөрөө брэнд болсон" гэж тэрээр алдартай байгаагаа тайлбарласан байна. Карьерынхаа эхэнд томоохон компаниудын брендийн нүүр царай болж байсан Жей Ло одоо өөрийн хувийн компанитай болж, үзэл бодлыг нь хуваалцдаг байгууллагуудтай л хамтран ажилладаг аж. “Би хүмүүст амьдралаа сайжруулах боломж өгөхийг хүсэж байна” гэж жүжигчин, дуучин, загвар өмсөгч бүсгүй ярьжээ.
Харин Бен хайртай бүсгүйгээ биширдэг гэдгээ илэрхийлсэн байна.
“Женниферыг энэ нийгэмд ямар их ач тус хүргэж байгааг би өөрийн нүдээр харж байна. Өдөр бүр өөр өөр өнгийн арьстай эмэгтэйчүүд Женниферт хандан, хэрхэн түүний ачаар амжилтад хүрснээ ярьдаг. Уран бүтээлч хүний хувьд миний хийж чадах зүйл бол хүмүүсийн сэтгэлд хүрсэн кино хийх. Женнифер бол маш олон хүнд энэ улсад өөрийн гэсэн байртай суурьтай гэсэн урам зориг өгсөн. Түүхэнд ийм үр дүнд хүрсэн цөөхөн хүн байдаг. Би үүнийг хэзээ ч хийж чадахгүй, гэхдээ би үүнийг дэмжиж, хүндэлж, биширдэг” гэж Аффлек ярьжээ.
Бен Аффлек, Женнифер Лопес нар өнгөрсөн хавраас болзож эхэлжээ. Тэд 2000 оны эхээр сүй тавьж байсан ч гэрлээгүй салсан билээ. Ойрын эх сурвалжуудын ярьснаар хосууд одоо хамтын ирээдүйгээ төлөвлөж байгаа аж. Эргэн сануулахад Женнифер Лопес хуучин нөхөр Марк Энтониас хоёр хүүхэдтэй бол Бен Аффлек хуучин эхнэр Женнифер Гарнертай хоёр талаасаа гурван хүүхдээ өсгөж байгаа. Тэд хүүхдүүдээ хооронд нь аль хэдийн танилцуулсан бөгөөд тэдэнтэйгээ багагүй цагийг хамтдаа өнгөрөөдөг аж.