НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний долоо хоног эхэлж, үүнд дэлхийн 70 аруй удирдагч, 30 Ерөнхий сайд, Гадаад хэргийн 20 сайд биечлэн оролцож байна. Үүнээс гадна цар тахлын хязгаарлалтын улмаас зарим төлөөлөгч эл арга хэмжээнд цахим хэлбэрээр оролцож буй. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчинд шилжих, тогтвортой хөгжлөөс гадна Афганистаны байдал, Өрнөдийн холбоотнууд хоорондын харилцаа гэсэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн чуулганы үеэр төлөөлөгчид байр сууриа тодруулахын тулд хоёр талын уулзалтууд хийх аж.
АНУ-ын тал уулзалтыг цахимаар хийх санал дэвшүүлж байсан ч Ерөнхийлөгч Жозеф Байден Ерөнхий ассамблейн чуулганд биечлэн оролцож байна. Тэрбээр өнөөдөр цар тахалтай тэмцэх талаарх дээд хэмжээний уулзалтыг цахимаар хийх бөгөөд үүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцоно. Мөн өнөөдөр “Их-20”-ийн бүлгийн орнууд Афганистаны асуудлаар уулзах аж.
Үүний сацуу Швейцар, Швед, Европын Холбооны санаачилгаар Йеменд тусламж үзүүлэх талаар дээд түвшний арга хэмжээ болно. Харин дэлхийн дулаарлын асуудлыг маргааш Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх гэнэ.
Талибуудын гарт орсон Афганистан, тус бүс нутагт үүссэн болон олон улсын терроризмын эрсдэлийг байнга үнэлж, дүгнэх шаардлага тулгарсан. Үүний сацуу саяхан Австрали, Британи, АНУ хоорондын батлан хамгаалахын шинэ түншлэл байгуулсан нь Өрнөдийн холбоотнууд хооронд ноцтой зөрчилдөөн үүсгэсэн билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Австрали Америкийн технологиор атомын шумбагч найман онгоц бүтээж, эхнийх нь 2036 он гэхэд байлдааны бэлэн байдалд шилжихээс гадна АНУ-ын залуурт пуужинг зэвсэглэлдээ авахаар болсон.
Үүний улмаас Канберра Францтай байгуулсан батлан хамгаалахын хамгийн том түүхэн гэрээгээ үндэсний эрх ашигт нь нийцэхгүй хэмээн цуцалсан юм. Энэ талаар Францы Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Ерөнхий ассамблейд цахимаар үг хэлэх бололтой. НҮБ-ын Ерөнхий ассамблейн улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар уулзаж, коронавирусийн цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн салбарт тулгарах шинэ сорилтуудад бэлтгэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах, мөргөлдөөнөөс сэргийлэх талаар хүчин чармайлт гаргах асуудлуудыг хэлэлцжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзаж, манай орон тус байгууллагын гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буйдаа баяртай байгаагаа хэлжээ. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад тэрбээр талархал илэрхийлжээ.
Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Үүний хүрээнд ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлээд, цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлсэн байна. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн “Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн” байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Төрийн тэргүүн тодотгожээ. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Үүний дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ. Үүний сацуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав. Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо.
“Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана” гэдгээ Жеффри Сакс хэлжээ. Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гаргийн шагнал”-ыг 2015 онд хүртэж байсан. “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн, өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр түүний хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотод ажиллаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байв.