АНУ 20 жилийн өмнө эхлүүлсэн терроризмын эсрэг дайнд манай гараг даяар бараг нэг сая хүний амь эрсдэж, найман их наяд гаруй доллар зарцуулжээ. 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш явуулсан цэргийн ажиллагааны эдийн засаг, хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг баримтжуулах зорилготой, Брауны их сургуулийн “Дайны үнэ” төслөөс гаргасан тайланд эдгээр тоо, баримтыг тусгасныг “Intercept” цахим сэтгүүл эш татсан байна.
Ирак, Сири, Афганистан, Пакистан, Сомали болон бусад бүс нутагт АНУ тэргүүлэн явуулсан цэргийн ажиллагаанаас учруулсан хохирлыг уг баримт бичигт тусгажээ. Энэ нь Ойрхи Дорнод, Төв Ази, Африкт Америкийн оролцоотой болсон “мөнхийн дайн” хэмээгдсэн мөргөлдөөний уршгийн тухай хамгийн тодорхой бөгөөд дээрх төслийн хүрээнд гаргасан хэд хэдэн нийтлэлийн сүүлчийнх аж. “Дайны үнэ” төсөлд бичсэнээс үзвэл нийт 897-929 мянган хүн амиа алджээ. Тэдний 387 мянга нь жирийн иргэн, 207 мянга нь цэрэг, цагдаа, 301 нь босогч аж. Тэрчлэн 15 мянга орчим гэрээт цэрэг, мөн тийм тооны Өрнөдийн хүчнийхэн болон хэдэн зуун сэтгүүлч, хүмүүнлэгийн ажилтан амь эрсэдсэн байна. Гэхдээ тоо үүнээс ч их байж болохыг төслийн удирдагчдын нэг Нета Кроуфорд тэмдэглэжээ.
Тэгвэл АНУ-ын Засгийн газар Афганистан, Пакистанд явуулсан цэргийн ажиллагаанд 2.3, Ирак, Сирид 2.1 их наяд, Сомали болон Африкийн бусад бүс нутагт 355 тэрбум доллар зарцуулсан аж. Мөн 1.1 их наяд долларыг Америкийн дотоодын аюулгүй байдлыг хангахад зориулснаар терроризмтой тэмцэх дотоод болон гадаад дахь дайны зардал 5.8 их наяд доллароор хэмжигдэж буй юм. Үүнээс гадна хилийн чанад дахь байлдаанаас шархдаж харьсан АНУ-ын олон мянган цэрэг хөгжлийн бэрхшээлтэй, ахмад дайчин болж, тэдний эрүүл мэндийн зардал 2050 он гэхэд 2.2 их наяд доллар давах нь. Тэгснээр “мөнхийн дайн”-ы зардал найман их наяд долларт хүрэх гэнэ. Одоо энэ тоо 465 тэрбум доллар байгаа юм.
Янз бүрийн эх сурвалжаас авсан тоо, баримтыг нэгтгэсэн найман их наяд долларт байлдааны бүсэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, эдийн засгийн хөгжилд зарцуулсан хөрөнгө, мөнгийг оруулаагүй. Мөн уг дайны санхүүжилтийн алдагдлын хүүгийн төлбөрийг тооцоогүй гэнэ. “Есдүгээр сарын 11-нээс хойш 20 жил үргэлжилсэн дайны явцад бид ямар үр дүнд хүрсэн бэ. Олон сая хүний амь, хэдэн их наяд доллар золиод хэн хожив, хэн ялагдав? Дахиад 20 жил болсон ч Афганистан, Ирак дахь дайны зардал хүнд дарамт хэвээр байна” гэж “Дайны үнэ” төслийн удирдагчдын нэг Стефани Савелл дүгнэжээ.