Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа. Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо. Тэрбээр “Сүүлийн жил гаруй хугацаанд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дэлхий нийтээрээ тэмцэж байгаа. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж ирсэн. Инфляц энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9, Улаанбаатарт 9.1 хувьд хүрч нэмэгдсэн. Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн өсөлт нөлөөлж байгаа ч дийлэнх хэсгийг суурь үнийн нөлөө байна. Хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувь байдаг. 2022 онд инфляц Төв банкны зорилтод түвшинд хүрч тогтворжино гэж үзэж байгаа. Эдийн засаг оны эцэст цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ. Уул уурхайн бус салбарын өсөлт өндөр байхаар байна. Ковид цар тахалтай холбоотойгоор уул уурхайн бус салбар нэлээд бууралттай байсан. Мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлаас хойш дэлхийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, худалдааны гол түнш орнуудын өсөлтийн төлөв сайжирсан. Тухайлбал, АНУ, ОХУ8 Европын холбооны улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр байна" гэв.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин манай экспортын орлогод дэмжлэг үзүүлсэн гэнэ. Энэ оны долдугаар сарын байдлаар экспортын үнэ 34.6, импортын үнэ 18.6 хувиар өсч, гадаад худалдааны нөхцөл 13.6 хувиар сайжирчээ. Урсгал, тэнцлийн алдагдал өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооны хурлаар энэ оны төлбөрийн тэнцлийг 500 сая ам.долларын ашигтай гарна гэсэн тооцоолол хийсэн. Харин есдүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 300 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь Монгол Улсын валютын нөөц, ханшид дарамт болж буй. Гэхдээ 8-9 сарын импортыг орлох нөөц байгаа учраас ханшид огцом савлагаа үүсэхгүй гэнэ.