“Facebook” компанийн явуулсан судалгаагаар Instagram сүлжээ нь өсвөр үейинхэнд сөрөг нөлөө үзүүлж болозошгүй гэсэн дүгнэлт гарсан ч тус компани үүнийгээ олон нийтэд дэлгээгүй байна. Энэ тухай “The Wall Street Journal” бичжээ.
Тус хэвлэлийн сэтгүүлчдийн мэдэлд очсон судалгааны материалаас үзэхэд “Facebook” энэ асуудлыг сүүлийн гурван жилийн турш судалж иржээ. Тус компанийн явуулсан санал асуулгад хэдэн арван мянган хэрэглэгчид оролцсоноос өсвөр насны британи хүүхдүүдийн 13 хувь, мөн насны америк хэрэглэгчдийн 6 хувь нь амиа хорлох хүсэлтэй байгаагаа Instagram-ын нөлөөтэй холбосон байна.
Үүнээс гадна тус сүлжээ хоолны дуршил алдагдахад нөлөөлдөг гэжээ.
Instagram нь "өсвөр насны гурван охин тутмын нэгнийх нь бие галбирын холбоотой асуудлыг улам хурцатгадаг" гэж тайланд дурджээ. Тодруулбал, охидын 32% нь биеийнхээ гаднах төрхийн талаар сэтгэл зовж байхад тус сүлжээ тэднийг улам бүр дордуулдаг гэж хариулжээ. Хөвгүүдийн дунд Америкийн өсвөр үеийнхний 14% нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж муудаж байна гэж гомдоллосон байна.
“Facebook”-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "нийгмийн сөрөг харьцуулалт" -ын үр нөлөө нь “Instagram”-ын хувьд TikTok болон Snapchat -аас илүү хурцаар илэрдэг аж. Учир нь Instagram нь хэрэглэгчдийн гаднах төрх, амьдралын хэв маягийг харуулахад илүү чиглэсэн байдаг.
Үүний зэрэгцээ, ихэнх хэрэглэгчид тус сүлжээний "сөрөг нөлөөг даван туулж, өөрийгөө илэрхийлэх, харилцах арга хэрэгсэл гэдгийг үнэлж чаддаг" гэж судалгаанд дурджээ.
WSJ -ийн мэдээлснээр эдгээр судалгааны үр дүнг “Facebook” -ийн шилдэг менежерүүд, түүний дотор тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергт танилцуулсан байна.
Instagram-ын удирдлага WSJ-д өгсөн хариултаа блог дээрээ байршуулсан бөгөөд сэтгүүлийн нийтлэлийг "хязгаарлагдмал хүрээний үр дүнд анхаарлаа хандуулж, сөрөг талаас нь харуулсан" гэж мэдэгджээ. Судалгааны явцад гарсан дүгнэлтийг "эцсийн бөгөөд бүрэн гүйцэд гэж үзэж болохгүй" хэмээн мэдэгдэлд дурджээ.