Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Сөүлд айлчилж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхав. Солонгосын хойгийн энхийн үйл явцыг БНХАУ үргэлжлүүлэн дэмжинэ, мөн Хятадын дарга Си Зиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтаар байгуулсан тохиролцоонуудыг үндэслэн Сөүл, Бээжингийн хамтын ажиллагааны стратегийн түншлэлийг илүү өндөр түвшинд хөгжүүлнэ хэмээн найдаж буйгаа энэ үеэр Мүн Жэ Ин илэрхийлсэн байна. Тэрчлэн ирэх онд тэмдэглэх дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өмнө хоёр талын харилцааны шинэ шатанд гаргах хэрэгтэй үед болсноороо Ван Игийн Өмнөд Солонгост хийж буй айлчлал илүү өндөр ач холбогдолтойг БНСУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Төрийн тэргүүн нар нь харилцан итгэлцсэн, найрсаг хэлхээ холбоо тогтоосныг Ван И хүлээн зөвшөөрөөд, тус хоёр улсын харилцаа тогтвортой хөгжлийн чиг хандлагатай болсныг дурдав. “Цар тахал манай хоёр орны хамтын ажиллагааг зогсоох бус, улам гүнзгийрүүлж, олон улсын жишиг болсон” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Энэ уулзалтын дараахан БНАСАУ баллистик хоёр пуужинг Япон тэнгисийн чиглэлд харвасан тухай Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн командлал мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тэдгээрийн нэг нь Японы нутаг дэвсгэрийн усан хил, эдийн засгийн бүсийн гадна унасан тухай тус улсын Эргийн хамгаалалтын албанаас мэдэгджээ. Пёньяны үйлдэл олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Японд аюулгүй байдлын ноцтой асуудал үүсгэж байгааг тус улсын БХЯ-наас анхааруулав.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНАСАУ алсын тусгалтай шинэ пуужингууд харвасныг АНУ-ын БХЯ нотолсон билээ. Үүний сацуу Хятад, Америкийн өрсөлдөөн гүнзгийрсэн энэ үед БНАСАУ Тайванийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн АНУ-ыг шүүмжлээд, Бээжингийн “Нэг Хятад бодлого”-ыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чун Ый Ён, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Сөүлд уулзахын өмнө Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг эл шүүмжлэлийг нийтэлсэн байна.
“Саяхан АНУ Хятадад шахалт үзүүлэх түрэмгий ажиллагааныхаа хүрээнд Тайванийн асуудалд хөндлөнгөөс илэрхий оролцсон нь Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байна. АНУ эмзэг асуудалд нь оролцох замаар Тайванийг Хятадад шахалт үзүүлэхэд ашиглан тус улсын өсөлтийг сааруулж, улс орныг хагалан бутаргаж, эцсийн дүнд социалист тогтолцоог нь нураахыг зорьж буй” гэж уг нийтлэлд дурджээ. АНУ-ын нисэх онгоцнууд Тайванийн нисэх буудалд газардаж, Вашингтон Тайваньд 750 сая долларын өртөг бүхий зэвсэг худалдаалах болж, Тайванийн Ерөнхийлөгчийг олон улсын бага хуралд урихаар төлөвлөсөн нь хөндлөнгийн оролцооны тод жишээ аж.