Ажиллах хүчний хомсдол Францын эдийн засгийн хэд хэдэн салбарыг сэргээх төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай “Le Figaro” сонинд өгүүлжээ. Бүтэн нэг жил хагас үргэлжилсэн хямралын дараа ажлын байр бий болж, ажлын олон саналд хариу ирэхгүй байгаа нь тус улсын эдийн засгийг сэргээх боломжид сөргөөр нөлөөлж, ДНБ буурахад хүргэх эрсдэлтэй байна.
Үүнийг Францын эдийн засгийн хамгийн ноцтой аюул гэж Бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Жоффруа Ру де Безьё нэрлэснийг тус сонин эш татжээ. Ажиллах хүчин олдохгүй байгаа нь эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол аюул гэж Францын банкны тэргүүн Франсуа Виллеруа де Гальо үзэж байна.
Одоо Францад эрхэлсэн ажилгүй зургаан сая хүн бий ч ажлын нэг сая байр сул байгаа аж. Залуу бизнес эрхлэгчдийн төвөөс явуулсан судалгаанд үйлдвэр, компанийн дарга нарын 71 хувь нь багадаа нэг сул орон тоо байгаа гэж хариулжээ. Үүний сацуу тэдний 53 хувь нь цар тахлын өмнө шаардлагад нийцсэн ажилтантай болоход тулгардаг бэрхшээлүүд улам л гүнзгийрсэн гэжээ.
“France info” радиостанцын мэдээлснээр тус улсад мэргэшсэн мэргэжилтэн хомс, ажилгүйчүүд нь ихэвчлэн шаардлага хангахгүй байдаг аж. Тус улсад үйлчилгээний салбарын мэргэжилтэн бэлтгэх хурд эрэлт хэрэгцээнээс их хоцорчээ. Ялангуяа өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээр асрах шаардлага их байдаг аж. Тус улсад ийм хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2030 он гэхэд хоёр дахин ихсэх хандлагатай гэнэ.
Ажил мэргэжлийн нэр хүн буурсан, цалин бага байдаг нь ажиллах хүчний байдалд нөлөөлдөг аж. Францын барилгын талбарт цар тахлын улмаас ажлын байр 70 мянгаар цөөрсөн ч инженер зэрэг нарийн мэргэжилтэн одоо хэдэн мянгаар шаардлагатай байна. Тэрчлэн аж үйлдвэр, холын тээврийн компанид ажиллах хүч шаардлагатай гэнэ. Цар тахлын үед зочид буудал, рестораны салбарын 120 мянган хүн ажлаасаа гарсан. Энэ зун тэдний тал хувь нь ажилдаа эргэн орж, үлдсэн байранд оюутан хөлслөхөөс өөр аргагүй болсон гэнэ.