Гвинейд төрийн эргэлт хийсэн цэргийнхэн хөл хорих цаг тогтоож, хилээ хааж, Засгийн газрын гишүүдэд яаралтай хуралдаанд оролцохыг тушаасныг “France presse” агентлаг уламжлав. Тэд бүс нутгийн захирагч нарын оронд цэргийнхнийг томилохоо ч мэдэгдээд байна.
Тодруулбал, тус улсын Тусгай албаны дэд хурандаа Мамади Думбуя тэргүүтэй Шилмэл цэргийн нэгтгэл Засгийн газрынхаа Конакри хороолол руу нэвтэрч, Ерөнхийлөгчийн ордны өмнө байрлажээ. Гэрчүүдийн мэдээлснээр тэнд буудалцаан болж, дараа нь цэргийнхэн Калум дүүргийг хотын бусад хэсэгтэй холбосон цорын ганц гүүрийг хаасан гэнэ. Улмаар тусгай хүчнийхэн 83 настай Ерөнхийлөгч Альфа Кондег баривчилж, Засгийн газрыг тарааснаа зарласан юм. БХЯ нь төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоосон хэмээн мэдэгдсэн ч Ерөнхийлөгч өөрөө олны өмнө гараагүй байгаа бөгөөд босогчид л телевизээр мэдэгдэл хийсээр байна. Тэдний хэлснээр Ерөнхийлөгч нь аюулгүй газарт байгаа гэнэ.
Конакри хотын төвийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг тушаасан бөгөөд цэргүүд хоосон гудамжинд эргүүл хийсээр байна. Ерөнхийлөгч Альфа Конде энгэр задгай цамцтай, хөл нүцгэн, бүрэн зэвсэглэсэн цэргүүдээр хүрээлүүлсэн дүрс бичлэг, гэрэл зургууд нийгмийн сүлжээнд гарчээ. Эдгээр нь жинхэнэ, эсэх нь тодорхойгүй байна.
Африкийн баруун хэсэгт орших Гвинейд болсон төрийн эргэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш буруушаав. “Гвинейд болж буй үйл явдлыг ажиглаж байна. Зэвсгийн хүчээр засгийн эрхийг булаан авч байгааг эрс буруушааж, Ерөнхийлөгч Альфа Кондег нэн даруй суллахыг уриалж байна” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Африкийн холбооны дарга, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Чиседеки, тус холбооны Комиссын дарга Муса Факи Махамат нар Ерөнхийлөгч А.Кондег нэн даруй суллахыг уриалж, тус холбооны Энх тайван, аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг санал болгов. Гишүүд нь Гвинейн босогчдын эсрэг ямар арга хэмжээ авахаа хуралдаж шийдэх гэнэ.
Өдгөө 83 настай Альфа Конде амьдралынхаа ихэнх хугацаанд сөрөг хүчний тэмцэгч байсан бөгөөд дэлхийн хамгийн ядуу буурай орны нэгд тооцогддог тус энэ орны дарангуйлагч эрх баригчидтай тэмцсээр иржээ. Тэмцлийнхээ явцад тэрбээр 1990-ээд онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, дараа нь шоронд хоригдсон ч Ерөнхийлөгч Лансана Конте түүнд өршөөл үзүүлсэн байна. 2010 онд Л.Конте таалал төгсөж, цэргийн эргэлт хийсний дараа А.Конде Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, Гвинейн ардчилсан замаар сонгогдсон анхны удирдагч болж, 2015 онд төрийн тэргүүнээр улиран сонгогджээ. Гэвч тэрбээр өөрөө дарангуйлагч болж эхэлсэн гэж өрсөлдөгчид нь мэдэгддэг гэнэ.
Гвинейд төрийн эргэлт хийсэн нь хөнгөнцагааны зах зээлд нөлөөлж болзошгүй гэж бизнес эрхлэгч Олег Дерипаска үзэж байна. Учир нь дэлхийн эл металлын үйлдвэрлэлийн 20 хувь энэ жижиг, ядуу улсад ногддог аж.