Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдийг эрхийг зөрчиж буйг эсэргүүцсэн жагсаал Афганистаны нийслэлд болжээ. Эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн ордон руу явах үед тэдний эсрэг талибууд нулимс асгаруулах хий ашигласан тухай “Tolo news” телевиз мэдээллээ. “Афганистанаас баттай мэдээ, мэдээлэл, нийтлэл дамжуулна” гэсэн уриатай, талибуудын талыг баримталдаг “AfghanUrdu” цахим хуудасныхан твиттертээ уг мэдээллийг нотолсон байна. “Ерөнхийлөгчийн ордон руу жагсахыг хориглосон байсан. Энэ бол санаатайгаар асуудал үүсгэх гэсэн оролдлого. Үүгээр далимдуулан зарим нэг хүн АНУ, эсвэл Европт орогнох эрх хүсэхийг оролдож байна. Тэд Афганистаны хүн амын 0.1 хувийг ч төлөөлөөгүй” хэмээн тэд бичжээ.
Тус улсын шинэ Засгийн газарт төлөөлөлтэй болох, эрхээ хамгаалахыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг эмэгтэйчүүд удаа дараа оролдож буй. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ч афган эмэгтэйчүүд шинэ Үндсэн хуульд тус улсын улс төрийн амьдралд оролцох эрхийг нь тусгахыг талибуудад уриалан жагсахыг оролдсон байна. Үүний өмнө “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэл хийхдээ эмэгтэйчүүдийг шинэ Засгийн газарт сайдын албан тушаал хашуулахгүй хэмээсэн аж. Түүний хэлснээр яамд, цагдаа болон шүүхийн байгууллагуудад л эмэгтэйчүүд туслахын хувиар ажиллаж болох гэнэ.
АНУ өнгөрсөн сарын 30-нд Афганистан дахь цэргийн ажиллагаагаа дуусгасан. 2001 оны аравдугаар сард тус улсад эхлүүлсэн, Америкийн түүхэн дэх хилийн чанадад хамгийн удаан ажиллагааг дуусгах шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд зарласан билээ. Үүнээс хойш талибууд халдлагынхаа эрчийг үлэмж хурдасгаж, өнгөрсөн сарын 15-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр Афганистаны нийслэлийг хяналтдаа бүрэн авсан юм. Тэд тус улсад бүрэн ялалт байгуулснаа мэдэгдээд буй.