Балканы хойг дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр Габриэль Эскобарыг томиллоо. Үүнийг АНУ-ын шинэ засаг захиргаа тус бүс нутаг руу чиглэсэн илүү эрчимтэй бодлого хэрэгжүүлэхтэй холбон Өрнөдийн дипломатчид тайлбарлаж байна. Америкийн туршлагатай дипломатч тэрбээр 1990-ээд оны сүүлчээр Балканы хойгт АНУ-ын засаг захиргааг төлөөлсөн бараг л гол тоглогч байсан аж. Тэр үед Вашингтон Сербийн дарангуйлагч Слободан Милошевичийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан юм.
Габриэль Эскобар өнөөг хүртэл Белград дахь Америкийн ЭСЯ-ны дэд сайдаар ажиллаж байжээ. Удахгүй Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах болох аж. ОХУ, Ирак, Пакистан, Боливи, Португал, Итали, Чех зэрэг олон оронд дипломат албан тушаал хашиж байсан туршлагатай түүний хариуцдаг гол бүс нутаг нь Балкан гэнэ. 1998-2001 онд тэнд хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, Серби дэх АНУ-ын ЭСЯ-ны хэлтсийг удирдаж байгаад Черногор дахь Америкийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, эргээд Серби дэх ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга болсон байна. Чухам тэр үед АНУ болон НАТО Слободан Милошевичийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан юм. С.Милошевичийг эхлээд 2000 оны аравдугаар сард Төрийн тэргүүний албан тушаалаас нь огцруулж, дараа нь Гаагын шүүхэд шилжүүлсэн билээ.
Гэсэн ч өнөөг хүртэл Төрийн департаментын тус бүс нутгийн чиглэлийг бодитой амжилтад хүрээгүй гэж үздэг аж. Серби, Косовогийн харилцааг хэвийн болгохыг АНУ эрмэлзэх болно гэж Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен энэ жилийн эхээр үүрэгт ажилдаа орохдоо мэдэгдсэнийг ажиглагчид тэмдэглэж байна. Тиймээс Белград, Приштина хоорондын мухардмал байдалд орсон яриа хэлэлцээг шинэ төлөөлөгч идэвхжүүлэх бололтой. “Серби, Албанийн мөргөлдөөн намжмал байх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй. Дональд Трампын үеэс эхтэй АНУ-ын засаг захиргаа болон Александр Вучичийн (Сербийн Ерөнхийлөгч) харилцааны бал сар дууслаа” гэж Белградын нөлөө бүхий “Politika” сонин тэмдэглэжээ.
Босни болон Герцеговинагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь Габриэль Эскобарын тэргүүлэх зорилт байна хэмээн ажиглагчид үзэж байна. Сербийн удирдагчид төвийн эрх баригчдын цөөнгүй санаачилгыг зогсоож, бүрэлдэхүүнээс нь гарах тухай бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн байнга сүрдүүлдэг аж. Эцэст нь, Америкийн тусгай төлөөлөгч Черногорын Евроатлантын чиг бодлогыг хэвээр байлгахад санаа тавих бололтой. Өнгөрсөн онд Черногорын Засгийн газар өөрчлөгдөж, Серби, Оросын талыг баримталдаг гэх “Ардчилсан фронт” олонх болсон юм. Энэ сарын 7-ноос шинэ үүрэгт ажилдаа ормогцоо Габриэль Эскобарыг Балканы хойгийн орнуудын олонхоор айлчилна гэж Өрнөдийн дипломатчид үзэж байна. Энэ үеэрээ тэрбээр тус бүс нутаг дахь АНУ-ын шинэ засаг захиргааны болон өөрийн хийх ажлын тэргүүлэх зорилтыг танилцуулах бололтой.