“Террорист “Исламын улс” бүлэглэл болон “Талибан” хөдөлгөөний хооронд эвлэршгүй дайн өрнөж буй бөгөөд Афганистаны нийслэлийн нисэх буудалд болсон халдлагын бай нь АНУ бус, талибууд” гэж Кабулд суугаа ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов ярьсныг ТАСС агентлаг уламжлав.
“Талибууд “Исламын улс” бүлэглэлийн босогчид хэмээн Малайзын хоёр иргэнийг баривчилсан. Өөрөөр хэлбэл, талибууд баривчилгаа явуулж, “Исламын улс” бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Тус бүлэглэлийнхэнтэй зууралдах шаардлага талибуудад байхгүй” гэж тэрбээр хэлжээ.
“Исламын улс” бүлэглэлийн салбар болох “Хорасан дахь Исламын улс”-ын босогчид Кабулын нисэх буудалд хоёр удаа халдлага үйлдсэний улмаас 200 гаруй хүн амь үрэгдсэний дотор Америкийн 13 цэрэг байсан юм. Үүний сацуу АНУ танк эсэргүүцэгч зөөврийн пуужингийн “Javelin” систем 100 гаруйг Афганистанд үлдээснийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллээ. Энэ нь АНУ-аас Украин руу илгээснээс илүү үзүүлэлт аж. 1000 цэрэгт ногдох хэмжээгээр яривал “Талибан” хөдөлгөөнийхөн Украинаас илүү зэвсэглэсэн гэж тэрбээр үзэж байна. Тэрчлэн АНУ байх үед Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбайн хэмжээ бараг 100 дахин нэмэгджээ. С.Шойгугийн хэлснээр Афганистан одоо дэлхийн героины 93 хувийг үйлдвэрлэж байна. АНУ Афганистан дахь армийнхаа аюулгүй байдлыг хангаж, зэвсэглэж, түүгээр зогсохгүй ашигт малтмал олборлох ажил хийж байсан гэнэ.
Вашингтон Афганистанд 83 тэрбум долларын тоног төхөөрөмж үлдээж байна гэж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Үлдээсэн техникийг нь Орос болон Хятад авч магадгүй хэмээн тэрбээр урьд нь таамаглаж байв. “Талибан”-д Америкийн цөөнгүй тооны нисэх онгоц, цэргийн нисдэг тэрэг, танк эсэргүүцэх пуужин үлдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч уламжилж байсан юм.