Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж томилолтын хугацаа дуусаж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук түүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцжээ. Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын хоорондын тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч Нгуен Суан Фук энэ үеэр онцолсон байна.
Мөн Элчин сайд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Вутай уулзсан бөгөөд хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох талаар ярилцжээ. Түүнчлэн Вьетнамын тал Монголоос өндөр түвшний айлчлалыг ирэх жил хийхийг санал болгосон аж. Ташрамд дурдахад, Д.Билэгдоржийн оронд Ж.Сэрээжавыг томилсон юм. Гадаадын 23 улсад ажиллахаар шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалт саяхан болсон бөгөөд тэд удахгүй суух улсаа зорих аж.
Бэлтгэсэн Б.Уран